Tuesday, January 15, 2013
Харанхуйн хот
Улаанбаатар хот гэдэг энэ их хот хөгжин дэвшиж байгаа мэт харагдавч оршин сууж байгаа хүмүүсийн цөөн хэдээс бусад нь сэтгэлийн гүн харанхуйн дунд амьдарч байна. Хот нь ил үзэгдэх утаан дунд, үл үзэгдэх гүн харанхуйн дунд оршино. Хүмүүс нь ядуугийн туйлд амьдрахаас гадна элдэв янзын өвчин дунд тэр их гүн харанхуйн гүнд амьдарна. Ойр төрлийн хэн нэгэн нь, найз нөхөд нь хаа нэг газраа өвдөөгүй, ямар нэгэн зовлонд учраагүй тийм хүмүүс маш цөөхөн. Бүх юм харанхуй мэт санагдах тийм мөч хүн бүхэнд шахуу тохиолдоно. Өдөрт хэдэн мянган хүн зүв зүгээр л хальтирч унана, машинаа мөргөлдүүлнэ, хэн нэгэн нь хүчиндүүлж, хэн нэг нь хөлдөж үхнэ. Зүгээр явж байгаад л дээрээс нь түсс. Амьдрал алга эргэхийн хооронд дуусах харанхуйн энэ хотод мэндэлсэн хүүхдүүд ч азгүй. Хаа нэг газраа согогтой, төрлөө гэхэд утаагаар амьсгалж, хятад хороор угжигдана. Хэн нэгэн нь хилс хэргээр шоронд орж, хэн дуртай этгээд 14 хоногийн дотор 5 хэл зааж сургана. Дэлхийг сөнөөж, бас аварна. Хамаг байдаг яам тамга нь хариу мэдэгдэл хийж том тэнэгтэнэ. Хийж болохгүй зүйл гэж энэ хотод үгүй. Хэдэн мянгаараа хятад иргэд хотын гудамжаар шан нян пан дян гээд л энүүгээр тэрүүгээр олив долив хийж бяцхан тэнэг эмэгчингүүдийг олзлоно. Үйлдвэр, олзворын хог ууж урссан хатан туул нь загас жараахайгаа шидлэн цурхирна. Эцэс сүүлд нь хамаг зовлонгийн бурууг хөөрхий эмч нарт тохно. Буруутан нь олддоггүй тамын энэ тогооны гол эзэд нь од нь харваж хариуцлага алдсан хөөрхий эмч нар. Хэсэг зуур хэн нэгэн эмч нь дараагийн удаад дараагийн нэгэн эмч нь бүхний амны зугаа болж, ядарсан ардын анхаарлын төвд хамаг хараалыг иднэ. Бидэнд ямар ч эмчийг буруутгах эрх байхгүй ээ. Өдөрт арав хүрэхгүй хүн үзээд суудаг 50 сая хүн амтай Солонгос эмч нар шиг үнэтэй тоног төхөөрөмж, шинжлэх ухаанаар зэвсэглсэн биш, шалан дээрээ хүртэл өвчтөн хэвтүүлээд гар хумхилгүй, нүд цурам хийлгүй ажиллаж байдаг хөөрхий 70 оны технологиор 21-р зууны өвчтөнг эмчилж суугаа 3 cая хүнтэй эмнэлгийн өдөрт багадаа гучин хүн эмчилдэг эмчид би лав буруу өгч чадахгүй. Үхтэл сурч, муужиртал ажиллаад цэвэрлэгчийн цалингаас бага цалин авдаг тэр хүмүүсийг юу ч хийж байсан би лав даг буруутгахгүй ээ. Ухаан мунхаг ард түмнээ өнөөдрийн талх, гурилаар зогоож, монголын баялагийг хувааж идсэн 3% тэр баячуулыг ч буруутгахгүй ээ. Энэ амьдрал, ийм зовлон харанхуйн дунд нулимс дуслуулан амьдраа бид бүгдийн буруу! Чухамдаа ганцхан хүүхэд гал алдаж нас барсны төлөө улс даяараа гал асаагуурт түгжээ хийх стандарт гаргаж ашиглаж суугаа японы хөгжилд атаархаж, бараг нэг ч хүүхдийн эндэлгүй эхийг төрүүлж байгаа швецаруудад атаархаж, хоёр гар нь тасраад уначихсан хүний судас шөрмөс бүрийг залгаж суугаа солонгосчуудад атаархаж, ам булаалдан ярихаас илүүтэйг үл хийж чадах бидний л буруу. Улсын хөгжлийн түлхүүр болсон IT -ийн салбар нь хүний хойноос алга сайн ташиж гүйсэн хүний хувь хүртсэн суудал болчихсон байхад дугай л сууж, чаддаг байж чаддагаа илэрхийлэхгүй, мэддэг байж хийхгүй, ярьдаггүй тэр бүх залуусын буруу. Хүмүүс үхэж байхад эмнэлэг булаалгаж байгаа бол тэр бидний буруу булааж байгаа тэдний ч буруу! Эргэн тойрон алга ташигчдаар хүрээлүүлж, хаан сэнтийд заларсан эрхэм гишүүд та бүхний буруу! Хийнэ гэчихээд хийхгүй, чадна гэчихээд чадахгүй байгаа тэр хүмүүсийн буруу! Яг өнөөдөр өвчин тусвал монголд эмчлүүлдэг их хурлын гишүүд хэд вэ? Яагаад тэгвэл монголд эмчлүүлж болохооргүй байгаа юм бэ? Харанхуйн энэ хотыг ёлтойсон гэрлээр гэрэлтүүлж чадах эмнэлэг, боловсрол хоёр бүхний ард явах нь юуны учир тэр вэ?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment