Tuesday, January 22, 2008

Сэтгэл

Сэтгэл өвддөг юм, сэг болтол урагддаг юм
Сайхан бүхнийг умартаж орхиод, саар зүйлд сийчэгддэг юм
Сэтгэл хөлддөг юм, сэрүүн байхад л мөс болдог юм
Санаандгүй үгэнд тэс хөлдөж, сайтар учирлавч үл гэсдэг юм

Сэтгэл хорсдог юм, хоосон үгэнд түлэгддэг юм
Саар үг сонсож орхиод, хий хоосон шатдаг юм
Сэтгэл бачуурдаг юм, сиймхий үйлдэлд галзуурдаг юм
Сонсохыг хүсээгүй ч сонсож орхиод, солиортлоон бухимддаг юм

Сэтгэл даавуу юм, саар үг хутга нь юм.

Сэтгэл ээнэгшдэг юм, сайхан хайранд нялхардаг юм
Сайхан амрагийн халуун янаглал, сэтгэлд гал бадраадаг юм
Сэтгэл баясдаг юм, сархад дарсанд уясдаг юм
Саваагүй хөнгөн инээд ярианд, согтуурхаж бүждэг юм

Сэтгэл хөөрдөг юм, сэвшээ салхинд хургадаг юм
Сартай өдрийн намуухан сэвшээнд, саар бүхнийг умартдаг юм
Сэтгэл хөдөлдөг юм, сайхан үгэнд уярдаг юм
Сайн найзын дотно үгс, саатуулж нэг тайвшируулдаг юм

Сэтгэл цучил юм, сайхан үг галтай бамбар юм

2008.01.16
Cheongju, South Korea

Би гэрээн санав

Халуун идээ, хайрсан будаанаас залхаж
Хазаж хүлхсэн ааруулаан би санав
Чихэрээр амталж, чинжүүгээр гоёсон маханд бялуурч
Чанаж буцалгасан борцоон би санав

Эрээн мяраан харь бичгэнд нүд эрээлжилж
Эгшиг яруу Монгол хэлээн би санав
Элдэв янзын ёс жаягт хуяглуулахдаан
Элэг нэгт ахан дүүсээн би санав

Сүүн цацал өргөн өргөн хүлээх
Сайхан буурал ээжээн би санав
Уул шиг нөмрийг нь эрэн эрэн
Ухаант буурал аавыгаан би санав

Алив наад цамц чинь үрчийж
Аваад ир нааш гэж зандрах эгчээн би санав
Алив бүхэнд ухаалаг хандаж
Ард урдахыг нь бодож сургамжлах ах нараа би санав

Би чи гэж булаацалдан бужигнах
Бяцхан хөөрхөн дүү нараа би санав
Хар багынхаа дурсамжинд живэн
Хөгжилтэй багын андаан би санав

Харь нутгийн салхинд жихүүцэж
Хүй тавьсан нутгаан би санав
Хатуу хүтүүгийн нугачаанд цухалдаж
Халуу дүүгсэн гэрээн би санав

2008.01.18
Cheongju, South Korea

Wednesday, January 9, 2008

Миний Монголын залуус

Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна

Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй

Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй

Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи

Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй
Маргаашийн л ургах нарнаар нутагтаан тэд очоод
Магад чамайг үгүйлэхгүй, маш сайхан амьдарна

2008.01.04
Cheongju, South Korea

Tuesday, January 8, 2008

Гэрэлтэй цонх

Бидний амьдрал ядуу байгаагийн нэг гол шалтгаан нь бидний их идэж, их унтдагт байдаг юм болов уу гэж би боддог юм. Идэж унтсаар байгаад нээх сайхан гүзээтэй залуус, махлаг бүсгүйчүүд. Миний ч дуртай зүйл бол унтах, бас сайхан чанасан, шарсан бүхэл мах эсүүл гахайны махан хийм ... Хэ хэ. Хамгийн л их өртөгөөр бүтдэг, хамгийн амтлаг зүйлс. Айлын эрх охин би хүний нутаг, гүний газар амьдрал ахуйд нь зохицох гэж бишгүйдээ л сандрав. Найзтайгаа хичээл хийгээд 8 цаг хүртэл суухдаа л ядарч үхэхээн шахаж, нам унтан өглөөний эхний цагийн хичээлийг таслах шахам, хоцрон бажигдан оймс гутал нааш цааш... Орой очоод л өлссөнөө мэдэн бөөн мах гурил, чанасан шарсан тахиа нохой гахай.
Өнөөдөр гэхдээ идэж уудаг хоолныхоо үнэ цэнэ, их багыг биш "унтлагын" гайхамшигтай цагийн хувиарын талаар бичихээр шийдэв.
Энд ирээд дөрвөн жилийг өнгөрөөхдөө хамгийн ихдээ 4 өдөр 4 шөнө унталгүй явж үзэв. Эхний өдөр нь paper camera ready таарч, хоёр дохь өдөр нь Оюутны Холбооны Эрдэм шинжилгээний хурал номын эх бэлдэж, 3 дахь өдөр нь хурал зохион байгуулах комиссынхонтой цуг нойргүйдэн жингүйдэж, удаах өдөр нь нам Show-даж. Гарцаагүй ажлууд байсан тул ... Мэдээж нойргүй 2 хоночоод л хаа таарсан боломжит газраа ганц хоёр минут дуг хийсэн л дээ. Bus-нд, metro-нд гэх мэт. Энэ record анхлан тогтоосноос хойш хонож даалгавараа хийх, шөнө орой бүрий хүртэл суухдаан аажимдаа дасаж, тэр их нойр гээчийг ажил гээчийн дарлагчид захируулж сурав. Гэхдээн бас сурсан занг яаж сураар тавих вэ? Боломж гарвал үд хүртэл унтаж үхрийн дуугаар биш өлсөхийн эрхээр сэрж... Ууж идэж наргиж цэнгэх анд найз төдийлөн олонгүй тул унталт гэдэг өөрийгөө урамшуулах амтат бялуу байв.
Сүүлийн хэдэн сар төгсөлтийн ажил хийж байна гэж өдөр шөнийн цагийн хувиар за даа ер нь л цагийн хувиар гэх зүйл байхгүй хутгаж зуурсан бантан болов. Шөнө 1,2,3,4,5, хэдэн ч цагт гэртээн харьж, хэдэн цагт унтаж хэдэн цаг идэж ууж байснаа тодорхойлон бичихэд хэцүү л байна. Тэр үед би нэг зүйлийг ажигласан юм. Шөнийн хэдэн цагт ч гарсан бай сургуулийн хашаанд байгаа сургуулийн барилгуудын цонхны гэрэл дийлэнх олонхи нь асаатай байдгийг. Эдний хувьд гэрлээ унтраахгүй мартаж гарах гэдэг зүйл байдаггүй. Мөнгөний үнэ цэнийг яс махандаа шингэтэл мэдэрсэн улс тул нийтийн өмч гэлтгүй унтрах ёстой гэрэл унтрах цагтаа л унтардаг.
Монголынхоо Сургуулийн цонхны гэрлүүдийг асаалттай байлгахын тулд би өөрийн чадлын хирээр зүтгэнэ дээ гэж бодож байгаа. Тэр гэрэлтэй цонхны цаана олон аавын хүү нар сууж байгаасай гэж бүр ч илүү хүсэж байна.

Sunday, January 6, 2008

web analytics

Залуу чамаасаан асууя би!

Хараа алдам талыг, харж маналгүй орхиод
Хараа булаам цэцэгсээн, хар гэртээн үлдээгээд
Халаас дүүрэн амьдрах гэж, харь орныг зорьсон
Хатуу хүтүүгийн нугачаанд бор дарстай зүтгэсэн

Харь нутагт суугаа залуу чамаасаан асууя би
Хаалганы чинь түгжээ бөх болуу гэж асууя
Хилийн чинь манаанд хэний үр зогсоо вэ гэж асууя
Хүй дарсан чулуу чинь, хөдлөө болуу гэж асууя би

Бүсгүй миний бядгүй турьхан хэдэн хуруунд
Бор гэрийн чинь өрхний уяа багтах болуу гэж асууя би
Богино заяасан балчиг бяцхан ухаанд минь
Бодол хурьнуулж зовоосон бүхнийг чамдаан хэлье би

Богд уулын чинь энгэрт хатан туул хорсон уйлж байна гэж
Бядгүй хэдэн загасыг баруун зүүнгүй хаячин цурхирч байна гэж
Баатар хотын чинь төв хэсэгт, бохир шаахайны мөр хэсүүчилж байна гэж
Бодлогогүй хэдэн ноёд, байраан булаалдан хашгиралдаж байна гэж

Сүлжиж самнасан гэзэгний минь боолт, сүрлэн шаахай дэрлэн унаагүй гэж
Сүүдэр газраар дагжин чичирч, сүйтэгнэсэн бүхнээс айн бэмбэлзэж байна гэж
Сархад дарсанд живсэн, саахалтын залуугаас харцнаас зугатаан байж
Сайн мууг тунгаасаар, санасан бодсоноон өчиж

Хэзээ ирэх вэ гэж хамгийн сүүлд нь асууя би!

2008.01.04
Cheongju, South Korea

Ингэж шийдэв.

Үг холбож эхлээд удаж байгаа ч хүний бодол сэтгэл рүү довтлох үгнүүдийг бодож толгой өвтгөж үзсэн нь саяхнаас билээ. Ингээд өөрийн мөр холбож өрсөн хэдэн үгийг бусдаас харамлахдаан өөрийн блог дээр бичиж "тамгалж" байхаар шийдэв.
Үг эвлүүлэн, урд хойно нь оруулан бичиж ухаан санаагаа чилээн тоглоход минь урам дэм өгнө байхаа гэдэгт итгэж байна.