Tuesday, January 22, 2008

Би гэрээн санав

Халуун идээ, хайрсан будаанаас залхаж
Хазаж хүлхсэн ааруулаан би санав
Чихэрээр амталж, чинжүүгээр гоёсон маханд бялуурч
Чанаж буцалгасан борцоон би санав

Эрээн мяраан харь бичгэнд нүд эрээлжилж
Эгшиг яруу Монгол хэлээн би санав
Элдэв янзын ёс жаягт хуяглуулахдаан
Элэг нэгт ахан дүүсээн би санав

Сүүн цацал өргөн өргөн хүлээх
Сайхан буурал ээжээн би санав
Уул шиг нөмрийг нь эрэн эрэн
Ухаант буурал аавыгаан би санав

Алив наад цамц чинь үрчийж
Аваад ир нааш гэж зандрах эгчээн би санав
Алив бүхэнд ухаалаг хандаж
Ард урдахыг нь бодож сургамжлах ах нараа би санав

Би чи гэж булаацалдан бужигнах
Бяцхан хөөрхөн дүү нараа би санав
Хар багынхаа дурсамжинд живэн
Хөгжилтэй багын андаан би санав

Харь нутгийн салхинд жихүүцэж
Хүй тавьсан нутгаан би санав
Хатуу хүтүүгийн нугачаанд цухалдаж
Халуу дүүгсэн гэрээн би санав

2008.01.18
Cheongju, South Korea