Sunday, February 1, 2009

Хавар эрт ургасан цэцэг

Ийм нэгэн шүлэг зохиов.

Хавар эрт ургасан хос цэцэг
Хамгаас содон бас тансаг харагдана
Хамгийн нандин бүхнээ хуваалцах мэт
Харахад нэг л юм шиг, хамтдаа наран өөд тэмүүлнэ ээ

Хорвоогийн жамаар зун айлчилж
Хачин гоё цэцэгс хажууханд нь ургана
Хөөрхий хосын өнгө нь гундаж сүр нь дарагдахад
Хонгорхон нэг нь өөрийгөө золиод

Өлмий дээр минь гишгээд өндий өндий
Өөр нэгнээс илүү өнгөлөг яв даа чи минь гээд
Ургах нарнаар сүүдэрт хорогдон
Унтах нарнаар шүүдрээс хамгаална

Өндийж ургасан өнөөх цэцэгт
Өөрийнх нь доор хатсан цэцэг
Өнгөлөг харагдахаа нэгэнт болиход
Өөр тийш урган тэмүүлсээр

Цэцэгсийн баланд мансуурч согтоод
Цээжээ дэлдэн аахилсаар ахина
Хаа холдох вэ дээ чи минь
Хажууханд минь үндэс чинь бий шүү дээ гэж

Хонгорхон цэцэг нь тайван бодно
Харин тэгтэл нэгэн өдөр хос цэцэг нь тасран оджээ
Хүний хөлөнд тээглэн ургасан тэр цэцгийг
Хүлэмжинд аваачаад суулгаж гэнэ дээ

Хонгорхон цэцэг үндсээ манан гашуудаж
Хорвоод дахин хавар айлчилтал
Хоромхон ч өндийлгүй ганихран гунджээ хөөрхий
Хаврын наран нэгэнтээ мандахад

Хайртай цэцгийнхээ үндсийг манан
Хавь орчинд гэрлээ цацруулсаар өндийжээ
Хараад хараад ханамгүй тийм сайхан цэцэг болж
Хорвоод жаргаж амьдрах хувьтай гэдгээ ойлгожээ

Харин өнөө хүлэмжин дэх цэцэг
Ховдог шунахай ургамлуудын
Хэрж сүлжсэн үндсэн дундуур аахилан бухимдаж
Хонгорхон түүнийгээ үе үе санагалзана

Халхлагдан сүүдэртсэн халуун газар
Хорвоогийн нарыг дахин харахсаан гэж хаяа нэг өндийж үзлээ
Хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл болохыг ойлгож
Хормын зуур өнгөө алдан ганихарлаа

Харин тэгтэл аз болж нэг өдөр
Хайртай хосын хуриманд түүнийг боолоо
Хоосон би аахилж дээ тэр үед
Хонгорхон цэцэг минь хаа явна даа гэсээр

Хайрт хосын үдшийн гоёл болон
Хамаг хүчээ шавхан нэг өндийв
Хөөрхий тэр цэцэг усанд гурав хонохдоо
Хөрсөн дэх үндсээ санан нэг мушилзав.

2007.08.01
Cheongju, South Korea

Охидод

Царайных нь сайханд итгэлээн өгч болохгүй ээ
Цалингийнх нь ахиуд сэтгэлээн өгч болохгүй ээ
Цэн цэнгээр хэмжин цэгнэж эхлээд бод оо
Цэцэг шиг ариухан биеээн тоосонд бүү даруул аа
Өдөр өдрөөр өнгөлөн өөрийгөөн чи гоё
Өмсөх зүүхээр биш Өүлэн эхийн ухаанаар гоё
Өнгө гэрэл цацруулан орчлонд чи алх
Өөрийнхөөн гишгэх мөрийг өөрөөн мэдэж алхал

2007.09.14
Cheongju, South Korea

Залуустаан

Зураг шиг бүсгүйн харцанд
Зүрхээн бүү тоглуул залуу минь
Зөвхөн амрагаан бодоод
Зөрөөд л өнгөр хажуугаар нь
Амьдралаан чи харин өөрийнхөөн гараар зур
Агшин агшинаар чимэн аз жаргал дүүрэн зур
Амраг хайртай түүнийгээ бийрээн болгоод зур
Аяа тэр цагт амьдрал зүрхэн дотор чинь буцална аа.

2007.09.14
Cheongju, South Korea
Янаг минь чи намайгаан орхиод одсон ч
Яндашгүй хайрын далайд живүүлээд хөвж одсон ч
Ягаахан урууланд минь үлдсэн чиний бал арилахгүй ээ
Ямар ч залуу түүн дээр сүүдрээн хүргэж чадахгүй ээ
Дэндүү гээд би бичиж чадахгүй нь
Дэмийдээ гээд би хорьж чадахгүй нь
Дандаа чамайгаан бодсоор гуниглаж
Давж чадалгүй би нулимсан далайд живж үлдлээ
Хайрлах эрхгүй хайр гэж байдаг аа гээд явж чи минь одлоо
Харамлах эрхгүй сэтгэл гэж байдгийм гэж бодож би үлдлээ
Хорьж болдоггүй хүсэл гэж байдгийм гэж хожим бид уулзаг
Хорин хэдхэн насны минь гал болон үлдэг ээ миний хайр

2007.09
Cheongju, South Korea

Ухаангүй дурласан бүсгүйгээс ...

Гуалин шиг урт хөлөндөөн хагас дутуу халхавч зүүчихээд
Гунхсан урт хүзүүгээн хайш яайш хаялаад
Гурав дөрөвхөн алхаад чамдаан би очъё!
Гутлыг чинь суга татан ор луу чинь би түлхье!
Юу ч үлдээлгүй чиний хувцасыг тайчиж
Юунаас ч ичилгүй янагийн ягааныг шувт татаж
Юу юугүй чамайг нөмрөөд дээр чинь би уная
Юу ч хэлж амжаагүй байхад чинь
Солиортол чинь үсээрэн ороолгож
Согтож унатал чинь хайранд чамайг мансууруулж
Сормуусаараан хацрыг чинь гижигдэж
Сарны гэрэлд чамайгаан эрхлүүлье
Хамаг биенд чинь уусан би жаргаж
Халуун цээжинд чинь нүүрээн нааж тайвшраад
Харцыг чинь харцаараан би ховсдож
Халуун амьсгал, хайрын үгээр чамайгаан согтооё!

2007.09
Cheongju, South Korea

Үг

Үнсийг хараад түлш байжээ гэж шууд би хэлэхгүй
Үртсийг хараад мод байжээ гэж үзмэгцээн би орилохгүй
Үндэс бий газар ургамал бий гэж би бичихгүй
Үгийн цаана үг байдааг гэж үглэж би гуншихгүй ээ.
Утга төгс, уянга яруу бичиж би чадна аа, Монголоороо
Уйлуулж бас дуулуулж ч би чадна, чамайг үгээрээн.


2007.10.02
Cheongju, South Korea

Шумуул

Эргэн тойрон бөөн шумуул. Бүүр тэвчээрийг минь барж орхилоо. Оройноос хойш бараг арвыг алав. Гадаа хүйтэн болсноос өөдгүй муу шимэгч нарт хоргодох газар байхгүй эцсийн нүхээ хайж миний өрөөнд шургалав. Ий ий.
Нээрэн ёстой сонин юм аа. Өдийд шумуулнаас болж цухалдав гэхээр хэн бэ гуай ч итгэхгүй байх даа.

Өөдгүй муу шумуулнууд өрөөнд минь юугаа хийж тэнүүчлэнэв!
Өвөр түрүүгүй минь шунгинаж өдөж нүдэнд минь юундаа өртнөв?
Шумуулаа чи хүний цусанд цадах болоогүй юу?
Шунаг муу шумуул чи шунгинаж тэнэхээсээ ичихгүй ээ?
Шургаж унтал чинь хүйтнээр үлээлгээд
Шунгинах дууг чинь дахин сонсохгүй ээ
Өр нимгэн миний уурыг савсуулж өөд болохоосоо айхгүй бол
Өглөө болоход нарнаас айж өөдөсхөн муу шумуул чи надаас холдоно доо

2007.10.06
Cheongju, South Korea

Ээждээ

Бодлын мөнгөн хэлхээнд тань ороод нэг үзэхсэн
Болор мөнгөн нулимсыг тань арчаад нэг өгөхсөн
Борхон зүрхэн дотор тань булиглаад нэг үзэхсэн
Битүүхэн шаналгасан өргөсийг тань сугалаад би хаяхсан
Өтөл буурал насыг тань хуваалцахсандаа ээж минь
Өөрийн чинь өмнөөс өвдөхсөндөө хүү тань
Шүүдрийн мөнгөн дуслаар сүлэхсэндээ цайг тань
Шүтээн ариун аршаан уулгахсандаа ээждээн
Шинийн нэгний өглөө бүр ээжтэйгээн
Шинэхэн тэрлэгээр гоёоод золгохсондоо хүү тань

2007.10.16
Cheongju, South Korea

Ээждээ

Дулимагхан би нэгэнтээ гишгэхэд
Духанд тань нэг үрчлээс нэмэгддэг гэж үү ээжээ
Дундуурхан сэтгэлдээн би шаналахад
Дутуу нойртой хонодог юм уу ээж минь
Дугтуй захиа явуулахад
Дуу шуутай суудаг юм гэнэ үү миний ээж
Дуу аялан алхахад минь
Дундуур сэтгэл тань дүүрдэг юм уу ээжээ
Тэгвэл хүү чинь яг одоо залгая
Тэртээд суугаа ээж таньдаа мэндчилье
Тэнийлгэж тавьсан цаасан дээр
Тэвхийсэн хуруугаан зураад би явуулья

2007.10.1
Cheongju, South Korea

Амьдралаас минь арилаад өг!

Атгын чинээхэн зүрхийг минь чи
Адгуулж базлуулахдаан гэмшихгүйм бол
Амраг хайрын сэтгэлийг минь чи
Алдруулж нэгэнтээн гээсийм бол
Амьдралаас минь арилаад өг
Ахиад бүү эргэж хар!

2007.12.23
Cheongju, South Korea

Тусгаар тогтнол чамайг ...

Урвасан хулгай ноёдын уушиг зүрхийг агшаах гэж
Улс гүрнээн төвхнүүлж ураг бидэндээн үлдээх гэж
Тусгаар тогтнол чамайг тоонот гэрт минь асаах гэж
Түмний төлөө өвгөд минь жад сэлмэнд өлгүүлсийм
Хөлөг их баатрын хөө хуягны чимээнд
Хөвчин дэлхий цурхиран халуун цусаар уйлсийм
Тусгаар тогтнол чамайг тэнтгэр хүүдээн үлдээх гэж
Тэрсхэн залуу өвөг чинь тэнгэрт халин одсым
Хаданд сийлсэн нэрийг тань хятад шаахайнд гишгүүлэхгүй гэж
Хадаг яндар нутгаан хаа холынхонд сийчүүлэхгүй гэж
Халуун бүлээн рашаанаа хортой бодисонд автуулахгүй гэж
Хангай говь нутагтаан харьж удахгүй очно оо
Тусгаар тогтнол чамайг хөөж гүйцээд нандигнана аа.

2007.11.26
Cheongju, South Korea

Хайрын хагацал

Харц харцандаан хайлан ууссан халуун өдрүүд алслан одохуйяа
Хорсгож үлдээсэн хүйтэн мөр чинь сэтгэл зүрхийг минь цэвтэн цэвтүүлсээр
Бие биендээн уусан цэнгэсэн хөлсөн дусал хатан арилахуйяа
Бөнжигнөн дуслах нулимсан хэлхээ бодлыг минь даган урсан урссаар

Болоод өнгөрсөн бүхний хойноос шүүр бариад мөрийг нь арилгамаар
Бодлогоширч гунигласан сэтгэлийн хойноос хайр даллаж бүхнийг мартмаар
Чамд гэж хадгалсан ариухан бүхнийг гээж хаяаад зугаацаж цэнгэмээр
Чамайг хайрласан хайрын сэтгэлийг хийсгэж хаяад янагшин дотносмоор

Чивчиртэл хөвчилж, чинэртэл татсан тэр суманд чинь бамбай болсон миний сэтгэл
Чимээгүйхэн ёолон ёолж дотроон өмөрсөөр
Чиний дүр эсгэж, дулимагхан шивнэсэн худал үгс миний чихнээ
Чаг чаг хийх цагийн зүүний эргэлт бүхнээр хангинаж янгинасаар

Халуун үгтэй хайрын захианууд чинь нүдэнд эрээлжилхэд
Харууслын шуурга нүд нүүргүй зэхүүнээр үлээсээр
Харгис хэрцгий сэтгэлийн чинь мананд автан гуниглахад
Хагацлын нулимс өнчин дэрэн дээр под под хийсээр...

2007.12.02
Cheongju, South Korea

Хэнийг ч би хүлээхгүй

Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан
Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй
Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд
Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй
Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй
Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ

Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй
Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй
Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч
Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй
Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч
Намайг мартсан жаргалыг чинь сэтгэлээс чинь би нэхэхгүй
Багын анд минь ээ гэж, би найзыгаан ч хүлээхгүй ээ

Хорвоогийн наран мандахад хоёр хөл дээрээн би бат зогсоод
Хорин хуруугаан би зэрэг хөдөлгөж хоосон үгүй амьдарна
Өнгөт наран мандахад өөртөөн л итгэж сэрнэ
Өнгө өнгөөр солонгоруулж өнгөлөг би амьдарна.
Хэнд ч би итгэхгүй өөртөөн л харин итгэж
Хэнийг ч би хүлээхгүй хоосон зайнд амьдарна аа.

2007.12.13.
Cheongju, South Korea
Эртний шүлгийн цомирлогоос минь ...

To my SUN

Хун цагаахан үүлс хөлөглөн
Хурмаст тэнгэрээр нэг аялахсан
Хайрлан хайрласан сэтгэлээрээ жигүүрлэн
Хайртай чамдаа би очихсон
Олон оддын тэртээх огторгуйд
Оюун бодол минь дүүлэн одно
Олноос онцолж ганцхан чам руу
Ондоо нэгнээс харамлан тэмүүлнэ
Дуулим талын цэцэг бүхнээс
Дэлгэрч дандаа цэцэглэхийг хүснэ
Дурлал Хайрын минь эзэн чамаас
Дуусашгүй мөнхийн хайрыг л би хүснэ

1998.05.
Улаанбаатар хот.

Харуусал

Хацар даган урсах нулимс
Хаа нэгтээ шингэн оддогч
Харуусал төрүүлсэн тэр үгс чинь
Хатан зүрхэнд минь шигдэн үлддэг юм
Хэн нэгний хэлэх үгэнд л
Хөндүүрлэн өвтгөж гуниг төрүүлдгийм

2000.05
Улаанбаатар хот.

...

Нулимсан дусал бодлын хур болон буухуйяа
Нойтон сормууст нүдийг минь ширтэх тэр нэгэн залуу
Надад тохиолдсон бүхнийг сэтгэлдээ ургуулан бодов уу гэлтэй
Нэг хэсэгхэн нүдээ анвхийлэн бодолхийлснээ
Цонх ширтэн зогсох миний хажууд ойртон ирж
Цонхоор харагдах бүхний л тухай ярив уу гэлтэй
Цовоо итгэлтэйхнээр ярьж байснаа
Царайг минь хараад дуугай хурааж
Царайлагхан харцандаа бодол хөврүүлсээр хоцров
Нэрийг нь ч үл мэдэх тэр залууг би харцаараа үдэн
Нэрээ хэлэхийг үл хүссэн бардамхан зандаа би гоморхон
Намайг ойлгож ядах тэр сэтгэлийг сэтгэлээрээ би үдэн
Нэгэн хэвшил болсон өнөөх л буудалдаа би буулаа
Итгэл сэтгэл дүүрэн бардамхан алхаж явахдаа бол
Инээмсэглээд л зөрөөд өнгөрөх нэгэн байлаа
Ингээд орхиод одсон түүний хажууд
Итгээд хүндэтгэж биширхээр залуу байлаа
Арагш эргэж үл харах сэхүүн тэр зан минь
Арын цонхоор даллан инээмсэглэх тэр нэгэн залуугийн хамт
Алдаж оносон амьдралын минь нэгэн агшнаас
Алгуурхнаар замхран оджээ

1999.08
Улаанбаатар хот.

Шинэ он, шинэ жил

Бидний Монголын мандалын төлөө
Бяцхан үрсийнхээн ирдээдүйн төлөө гэж
Будран будранхан хаялсан цасан ширхэгний тоогоор
Болор хундага харшуулан шинэ оноо угтана бид

Хацар гоо охидын булбарай ягаахан царайнд
Халган халганхан хаялахдаан шингэж амжсан ширхэг адил
Харьшгүй хүчит эрсийнх нь хүдэр чийрэг биенд
Хүрч амжаад хайлсан мөнгөн цагаан дусал шиг
Амжсан амжаагүйгээн ярилцан, арга ухаанаан хэлэлцэнэ
Арван хоёр цагийг хүртэл ам хуурайгүй хөөрөлдөнө

Тэнгэр нүргээж газар доргиосон тэнхээ хүчит монгол эрс
Од ичээж орчлонг чимсэн оюун ухаант монгол бүсгүйчүүл
Тойруулж чимсэн гацуураан тойрон тойронхон бүжин цэнгэнэ
Оргилуулж задалсан дарс юуныхаан охийг нь өргөөд наргиж цэнгэнэ
Танилцаж амжаагүй гоо бүсгүйг танхимын дундаас хайж тэмүүлнэ
Олноос онцгой хархүү түүнийг олны дундаас онцолж тэмүүлнэ

Бодож санаснаан биелүүлсэнийхээн төлөө
Борви бохисхийлгүй зүтгэснийхээн төлөө гэж
Бодол юундаан тунгаан үлдээсэн бодлын мөнгөн эрхний тоогоор
Болор хундага харшуулан хуучин оноон үднэ бид

2007.12.20
Cheongju, South Korea

Эр хүн чамд

Дайраад одсон морины чинь тах зүрхээр минь гоёлоон хийж
Дэгсхэн насны минь дэндүү чамин гоёлыг чи уландаан гишгэчиж
Давтаж нүдсэн сэлэм шиг сэтгэл минь нэлмийн хоцорч
Дутуу татсан тамхины чинь иш шиг би газарт налмайн үлдэж
Эвлэрч уучилшгүй хясланд зүрх минь мөнхөд тарчилж
Эвдэрхий балгас шиг сэтгэл минь он цагийн нугачаанд эмтэрч
Эр хүн чиний эрээ цээргүй гоёлд бүсгүй би нурмайж
Эгэл хорвоогийн өдрүүдийг уйтайяа өнгөрөөсөөр
Сүүтэгнэж гүйсэн газрын чинь сүүдэр нь би болж
Сүлбэж орхисон зүүний минь гогцоо нь чи болж
Мордож гуядсан морины чинь ташуур нь би болж
Мөрөөдөж хүлээсэн хүслийн минь хяслан нь чи болжээ
Даарч байна би чиний хүйтэн сүүдэрт гуниж
Даварч байна чи зүүний минь сүвэгчээс гарахгүйдээ бардаж
Өвдөж байна ташуур чинь тас няс хийх бүрд
Өлсгөж байна чи хүсэлд минь хясал хургаасаар
Эгэлгүй нэгэн уул болон сүмбэрлэ эр хүн чи
Эрэг хавьцаа нь ургаж хад болон чамайг өндөрлөе би!
Асгарч урсах нулимсаан горхи болгон нэмэрлэе чамд
Аагиж шатсан сэтгэлээрээн агь хүж болгон чимье чамайг
Алаг нүднийхээн гунигтай мэлмийг чамд ухаад өгье!
Алаг дэлхийг эргэлдтэл чи түүгээр гоё! (сэтгэл чинь сэмрэхгүй бол)
Энэ ертөнцийн бүх гоо үзэсгэлэнгээр өөрийгөөн чим! (чи хүсвэл)
Эргэн тойрноон харахад чинь дэр хийж, өлмий дор чинь өөрийгөөн зулъя би!

2007.01.02
Cheongju, South Korea

Аз жаргал гэж юу вэ?

Агшин хором нүд ирмэх зуур өнгөрөх тэр эгшинг
Алаг нүдний гэрэл хорвоо дэлхийг гийгүүлэх тэр мөчийг
Хайртай ижийнхээ гарын цайг хөлсөө дуслуулан оочих тэр агшинг
Халуун янагийн харцанд мансууран суух тэр хормыг

Хийж бүтээснээ эргэж хараад хоолой зангиран баярлах тэр эгшинг
Хөдөө нутгийнхаа тал дээгүүр хөл нүцгэн таваргах тэр мөчийг
Хөдсөн дээлэнд хөрвөөчихөөд хөөстэй баананд суух тэр агшинг
Халуун янагийн дарс хормой дор буудах тэр хормыг

Хөл хүнд бүсгүй сандал олж суух тэр эгшинг
Хөөрхөн бяцхан хүү чихэр олж амтлах тэр мөчийг
Хатуу нясууныг хүртээд халуун бантан идэх тэр агшинг
Хүрч чадамгүй загатнах нурууг хүрч маажуулах тэр хормыг

Тэнгэрт гялалзах тоймгүй олон од шиг аз жаргалтай эгшинг
Тэрлэж бичиж би барахгүй ч, тэргэл саран шиг сондгой нь гэж
Аз жаргалтай мөчийн мөч гэж, ай гарцаагүй л эднийг би нэрлэнэ ээ
Ахиад цааш нь аз жаргалыг би нэрлэе ээ

Халуун бүлээрээн бүгдээрээ хамтдаан амьдрах тэр амьдралыг
Хөнгөн хөгжмийн эгшигт гуниглан суухдаан ухаарсан тэр ухаарлыг
Хөөрхөн сайхныг хослуулан төрөөд дурлалын галд оч болон үсчихийг
Хосоор туулах амьдралд халж хөрсөн тэр сэтгэлийг ч жаргал гэе!

Эрүүл байгаа биетэй бол жаргалтай гэе
Эдгэж болох өвчинтэй байсан ч жаргалтай гэе
Хөл гар минь хөдөлж байгаа бол жаргалтай гэе
Хүнээс дутахгүй амьдарч яваа бол жаргалтай гэе

Энгэрт нь нөхөр нь байгаа бүсгүйг жаргалтай гэе
Эхнэр нь толгой дор нь байгаа залууг ч жаргалтай гэе
Амралтын өдөр арван цаг унтахыг ч жаргал гэе
Ай даа унтаж босоод унтахыг ч жаргал гэчихье!

Алж чадаагүй үнэгээ харж чадсан бол ч тэр чинь жаргал
Авч чадаагүй зүйлдээ хүрч чадсан бол тэр чинь жаргал
Заяа төөргөөр учраагүй учралыг зүүдлээд сэрэх ч жаргал
Зөнгөөр мэдэрсэн зүүд биелэлээн олох ч бас жаргал

Сайн мууг нь зэрэгцүүлсэн ч санаж байна гэдэг нэг жаргал
Саар мууг жигшин бодож байна гэдэг ч нэг жаргал
Хөмхийгөө зууж хүчтэй дүлэх ч нэг жаргал
Хөөсөрсөн бийр морьтой цуг горхилох ч бас нэг жаргал

Жаргаж байгааг нь харах жаргалтай байдаг болохоор
Жаргааж чадах чинээгээр хэнийг ч би жаргаана
Жаргал хүний сэтгэлд жаран гал өрддөг болохоор
Жаахан багахан ч гэсэн цучил чамд өрдөе би!

2008.01.30
Cheongju, South Korea

Дөрвөн өнгө

Гандаж унасан навчсаар хөнжлөөн хийсэн намар уу даа
Ганган хэтэвчтэй залуугаар гоёлоон хийсэн сэвгэр үү дээ
Унаж хийссэн навчис газарт шингээд одно уу даа
Уйтгарт дарагдсан нүд нь хэтэвчтэй цуг зангирна уу даа
Хаялан бударсан цасаар дэвлээн хийсэн өвөл үү дээ
Хайргүй түүний өврөөр дахавчаан хийсэн сэтгэл үү дээ
Будран бударсан цасан хавартай цуг хайлна уу даа
Булгилж догдолсон сэтгэл нь сэтгэлтэй чинь цуг хийснэ үү дээ
Хэнзэлж ургасан ногооноор хивсээн хийсэн хавар уу даа
Хэнзхэн хайраан умартаад эдэнд ургасан сэтгэл үү дээ
Ургаж халиурсан ногоо нь хагдарч дуусаад унана уу даа
Уйтай амьдралын тогоонд хуучирч элэгдэх хогшил уу даа
Шаагиж орсон борооноор нөмрөгөөн хийсэн зун уу даа
Шаавай охидын ухаанаар үндсээн хийсэн Монгол уу даа
Шалбаагтаж норсон газар нь хатаж гандсан ч Монгол л доо
Шаагиулж гаргасан үрс нь хэтэвчтэй залуугийн нутгийх л доо.

2008.02.11
Cheongju, South Korea

Бөхөж байгаа лааны гэрэл улам тодордог

Бөхөж байгаа лааны гэрэл улам тодордог
Бөөрөлхүүлж үзсэн хүний сэтгэл улам хурцлагддаг
Бөгтийж яваа хүмүүний ажил улам ундардаг
Бөндийж яваа хүүгийн алхаа нь улам түргэсдэг ээ
Хүсэл хяслын оргилд хүмүүний тачаал ихэсдэг
Хүйтэн цэвдэг сэтгэлд хилэнгийн температур нэмэгддэг
Хоол нь багадсан нохойн хуцалт нь олон болдог
Ходоод хоосон эрийн хилэн нь улам бадардаг аа
Хэлэмгий доломгойн ажил хойшдоон улам хүндэрдэг
Хэцүү хүтүүгийн даваанд хүн өнгөөн алддаг
Холгож дарсан эмээлд морь туйлж булгидаг
Хоосон магтаал үгэнд хүн гандаж зэвэрдэг ээ


2007.2.14
Cheongju, South Korea

Зүрхний чулуу

Хэн ч өргөж дийлэшгүй, хүйтэн хар чулуу
Хөндий цээжинд минь буглаж, хөдлөх алхахыг минь заана
Зөнгөөр нь орхиж үзлээ, зүрхний тэр чулууг
Зөрөөд өнгөрөх залууд зоригтой тоочиж ч үзлээ
Үртэс болтол үйрүүлж, үнс болтол шатааж
Үзтэл болдоггүй эд юм, үзлээ би хичээлээ
Хэнд ч бас харагддаггүй хэцүү шидийн эд юм
Хэлгүй дүлий болгож, хэрцгийлж намайг зовооно
Хэтэрсэн ихийг шаардаж, ходоодноос зүүгдээстэй өнжинө
Хүний нүдийг хариулж, хүйтэн нулимс цувуулна

2007.12.24
Cheongju, South Korea

Чи дуртай

Хацарны чинь хонхорхойд би дуртай гэж
Хархан алаг нүдэн чинь бас дуртай гэж
Сормуусаар чинь гижигдүүлэх дуртай гэж
Солиормоор сексэнд чинь бас дуртай гэж
Өхөөрдөм булцгар гаранд чинь дуртай гэж
Өөдрөг сэтгэлд чинь бүр ч дуртай гэж
Өөртөөн итгэлтэй занд чинь би дуртай гэж
Өчигдөрхөн л чи хэлсэнсэн, дуртай, хайртай гэж
Үнэнч хайрын минь галд
Үг бүхэн чинь бадамлаж.
Үзтэл хагацлын ангалд харин би
Үзэшгүй муухайгаар тарчилна.

2007.12.24
Cheongju, South Korea

Чи мэдэхгүй

Халуун тэврийг чинь үгүйлж, хатаж гундаж суугааг минь
Харанхуй шөнө халхавчлан чамд ердөө ч харуулахгүй ээ
Сэтгэлдээ шаналж, зүрхэндээ гуниглаж суугааг минь
Сэхүүн зан минь хөшиглөж чи ердөө ч харахгүй

Чамтай цуг инээмсэглэл минь амьдралаас минь хийсч
Чиний гишгэлсэн мөр бүхэнд нулимс минь хунгарлан буйг чи мэдэхгүй
Зүрх минь зөвхөн чиний л дэргэд бөмбөр шиг түчигнэж
Зүүд нойрондоо чамтайгаа л янаглан амрагладгийг чи мэдэхгүй ээ.

Чамгүйгээр өнгөрөх өдөр хоногууд надад ял болж
Чимээгүйхэн мэгшин уйлж явааг минь чи мэдэхгүй
Холдох тусам тодорсон ховорхон хайр надад шийтгэл болж
Хорвоогийн уйтай өдрүүдэд гуниж суугааг минь чи мэдэхгүй ээ

2007.12.14
Cheongju, South Korea

Амттан

Ертөнцөд мэндэлсэн хүүд
Ер бусын амттан нь эхийнх нь сүү
Алхаж сураа бяцхан хүүд
Аймаар гоё амттан нь алаг чихэр
Арав хүрээгүй хүүд
Алган боовноос бусад нь амттан
Арван жилийн бацаануудад
Алгасаж байгаа хичээл нь амттан
Арван наймтай залууд
Амраг хайрын дууль амттан
Хорин настай хүүд
Хайрлаж байгаа бүсгүй нь амттан
Хорь даваад ирэхлээр
Харилцаж байгаа бүсгүй нь амттан
Гуч дөхөөд ирэхээр
Гунхаж яваа бүсгүй бүр амттан
Дөч дөхөөд ирэхлээр
Дөнгөж ургаж байгаа ...
Түй гэж ... далийж орхилоо
Хорин настай залууд
Хорвоогийн шинжлэх ухаан бүр амттан
Хорь гараад ирэхээр
Ховор нандин өгүүллүүд амттан
Гуч дөхөөд ирэхээр
Гуншин дуудуулсан ажил нь амттан
Гуч гараад ирэхээр
Гялалзтал зүлгэсэн машин нь амттан
Дөч дөхөөд ирэхлээр за за мэдэхгүйм байна...
Дөчтэйхэнтэй ярьж байж үргэлжлүүлье! :P

2008.02.17
Cheongju, South Korea

Орхиод одсонд уучлаарай!

Нүд гэдэг хүний толь юм уу
Толь гэдэг орчлонгийн нүд юм уу
Чи минь миний сэтгэлийн толинд шингэж
Чиний толинд харин миний нүд л шингэж
Тэнд үлдсэн миний нүд гэхдээн
Тэвчимгүй занг чинь хөдөлгөж орхиж
Үг бүхэн үйлдэл гээч модны үндэс ч юм уу
Үйлдэл гээч нь үг гэдэг модны үндэс ч юм уу
Хөндлөн тэр модны хэлтэрхий хугархайг
Хөл доогуур чинь шидэж би үзсэн юм
Хөлөө өргөхөөн чи минь мэдэлгүй
Хөндий түүн дээгүүр даваад ойччихсым
Орон зай гэдэг орчиж болох орчлон юм уу
Орчлон хорвоо гэдэг орон зайн хэлхээс юм уу
Орон зайн хэрээсэн дунд
Огтолж би хайч гүйлгэсийм
Одтой шөнийн тэр нэгэн үдэш харин чи
Оногдож тэр хайчинд минь шалбарсым
Хайр гэдэг халуун итгэлийн эхлэл юм уу
Халуун тэр итгэл хөрөхлээр хайр гээчийн төгсгөл юм уу
Ялгуун хайрын эгшиг ямар чиг уянгалаг байв даа
Яаая даа гэмээр халуун сэтгэл ямар чиг ариун байв даа
Хаяад одсон учиг шалтгааныг минь
Хэрээстэй үгийн утгаас хайгаарай!
Хайчинд урагдсан орон зайд
Халуун уучлалаар нөхөөс тавиарай!

2008.02.20
Cheongju, South Korea

Намайг эзгүйд ...

Баяртай гэж хэлэх зүрх хүрэлгүй
Багахан багаханаар дасгаж одсонд
Хайртай гэж хэлж чадалгүй
Хагацлын мөр үлдээж одсонд
Харж чадалгүй эргэж одсонд
Хайрлаж зүрхлэлгүй явж одсонд
Эзгүй мөр, эцэсгүй үг сүвэлж одсонд
Эрхэлж амжилгүй арилж одсонд
Намайгаа уучлаарай хайрт минь!
Намайг бүү хүлээгээрэй анд минь!
Намайг эзгүйд бүү гуниглаарай залуу минь!
Намуухан хөг, хөгжмийн аялгуунд бүү шархлаарай!
Хажууханд чинь би яриа юм шиг
Халуун үг сэтгэлийг минь эргэн дурсаарай
Орхиод одлоо гэж орондоо бүү гуниглаарай
Одтой шөнөд аялгуу нэмэн
Охид бүсгүйн өнгөнд шумбаж
Орчлонг доргитол адтай яваарай!

2008.02.20
Cheongju, South Korea

Чи ойрхон байгаасай

Миний дэргэд чи ойрхон байгаасай
Мөрийг чинь түшээд асгартал уйлахсан
Мартаж чадахгүй суугаа гунигаа хуваалцан
Маргаашийн ургах нарныг хүртэл цугтаа ярилцахсан

Хажууханд минь чи байгаасай
Халуун үгс шивнэн үүр цайтал эрхлэхсэн
Хамгаас баяртай мөчөө хуваалцан
Хамтдаа өдрийг өнгөрөөхсөн

Надтай чи ойрхон байгаасай
Нартай наргүй цаг мөчүүдийг цугтаа хөврүүлж
Нулимстай нулимсгүй энэ хорвоогийн
Нууцхан бүхнийг тайлахсан.

2008.04.13
Улаанбаатар хот.

янаглалын танго

Намуухан хөгжмийн уянгат эгшиг чихнээ бүжихэд
Нэг л мэдэхэд чамайгаа бодон бодон гуниглана
Нулимстай нүдэнд минь орчлон тэгэхэд сүүмийж
Нууцхан гуниг сэтгэлд минь эргэн эргэн хургана
Энхрий янаг үгс чинь сэтгэлд минь танго эргэж
Эрхэлж дассан зүрх минь гуталны чинь таханд сийчүүлнэ
Эргээд ирэх болуу гэж сэтгэлдээн харуул зогсооход
Ээлжгүй манаа, эцэсгүй даалгаварт сульдна
Үерхэж дотноссон мөч бүхэн минь дурсамж болон үлдэг
Үнэнчээр хайрласан сэтгэл минь үхэлтэй л цуг булшлагдаг
Намуухан хөгжмийн уянгат эгшиг булшин дээр минь бүжихэд
Надтай цуг чиний сүнс харин янаглалын танго эргэг

2008.04.24
Улаанбаатар хот.

Эр хүн

Хөөрхөн бүсгүй хараад хойноос нь дагаж давхидаг нь би биш,
энэ хоёр маажгий хөл
Халуун үгээр уярааж, халамжтай царай гаргадаг нь би биш,
энэ болдоггүй ам
Халуун биеээр нь тэврээд хаа нэг татаж чангаадаг нь би биш,
энэ хоёр савар
Халуун амьсгалыг нь мэдэрч, хамаг биеийг нь эзэмддэг нь би бас л биш, энэ харин үрчгэр арьс
Сайхан алаг нүднийх нь харцанд сатаарч алмайрдаг нь би биш,
энэ хоёр циймэр
Сүрчигний анхилуун үнэрт нь согтож мансуурдаг нь би биш,
энэ хоёр сартгар нүх
Саахалтын газар аваачиж, сатааруулж төөрүүлдэг нь бол би бүүүүүр ч биш, энэ түнтгэр түрийвч
Санаагаан шууд хэлэхэд эхнэртээн л би хайртай, би эр хүн

2007.10.01
Cheongju, South Korea

Янаг үнсэлт

Харцаараа би харцыг чинь уярааж
Халуухан амьсгалаар нүүрийг чинь төөнөлөө
Хариуд нь би янаглалын дөлөөр төөнүүлж
Халуухан тэвэрт чинь хормын төдийхөнд очлоо

Хүзүүгээр чинь би чанга тэврэн амьсгаадахад
Хүдэр гар чинь банзалны минь хормойд шургаллаа
Хамаг биеээр минь хорь гучин зараа гүйж
Хачин жигтэй авиаг өөрийн мэдэлгүй цууриатууллаа

Янагийн уруул намайг озон тачъяадахад
Янаглалын мананд би умбан мансуурлаа
Үнсэлтийг чинь үнсэлтээр хариулж
Үнхэлцэгэндээ багтаж ядах зүрхээн хэдэнтээ донсолголоо

Ханагар цээжин дээр чинь нүүрээн нааж эрхэлэхэд
Хариу чи намайг хачин жигтэй тэвэрлээ
Хажуугаар өнгөрөх бүхнийг умартан
Халуун янагын үнсэлтэнд би умбан жаргалаа.

2008.07.17
Улаанбаатар хот.

Хүрэн горхи

Хасаг тэрэгний хүрдэнд уяж орхисон чиний хайр
Халгаж зугатсан миний зүрхэн дээгүүр дайрч одохдоо
Харанхуйд под под дуслах чимээ ардаа үлдээн хяхарсаар арилав
Хүй орчлонгийн хүйтэн цээжин дээр эмтэрч үлдсэн хүрэн зүрх
Хэн нэгнээс өршөөл эрэн харанхуйд тэмцэн лугшихдаан
Хоёр нүднээс дусалсан уйтгарын гашуун аадар бороонд
Хүрэнтэж урссан горхи болон улаанаар эргэлдэн үерлэв
Хэлж ч үл зүрхлэм уйтгарын манан хөшингтөн татаж
Хэлгүй энэ орчлонд хэл оров уу гэлтэй гаслангийн дуу цуурайтахад
Хайлган явсан харалган нэгэн хөл алдан үерт живж
Хүйтэнд дагжин, аврал эрэн амь тэмцэхэд
Хорслын манан хүний зовлонд бахтай яа хөхөрнө
Үерлэж урссан хүрэн горхи мөс болон хөлдөн хоцроход
Үерт урссан түүний бие хаа нэгтээ шидэгдэж бяцрахдаа
Үйлийн үрийг нулимсаар урласан хасаг тэрэгний замд
Үйрч үлдсэн чулуун хэлхээс болон солонгорон угтана.

2008.01.28
Cheongju, South Korea

Чамайг би мартмаар байна ...

Сиймхий үүлэн чөлөөнд надтай учрах наран нэг л ээлгүй
Сэмжирч хоцорсон хайранд сэтгэл эвгүйрхэн нэг л эзгүй
Уйтай нүднээс үерлэн урссан гашуун горхи нэг л ёозгүй
Уймарч үлдсэн сэтгэлд зүрх шимшрэн нэг л тавгүй

Харууслын үер хацар даган урсахуйяа сэтгэл минь гундаж
Хатаж омголтсон уруулаан хэнд ч үл харуулан орь ганцаар бэдэрнэ
Сувдан нулимс болор дусал болгон хур буулгахуйд
Сүүдэр газраар цэнгэсэн чиний сэтгэл л үл норно

Гоо үзэсгэлэн, төгс төгөлдөрийн бурхан намайг эзгүйчилж
Ганган залуу насны минь гал халуун сэтгэлд хүйтэн зэвсэг дүржээ
Гаславч үл эргэм хайран тэр янаг сэтгэл
Ганцхан мунаг сэтгэлд мөс болон хөлдөн үлджээ

Гайхамшигт дэлхийн нэгэн тоос болгон бүтээхдээ бурхан намайг
Гариг ертөнц дээр зөөлөн буулгаад өнгө, мөнгөөр чимэн гоёжээ
Гагцхүү нүдээн олоогүй дурлал намайг орчлонд төөрүүлж
Галзуу хүйтэн хорслын нулимсаар өнгөлөн гоёжээ.

Омголтсон тэр уруул минь нулимсанд биш хайранд дэвтэх тэр эгшинг
Одтой шөнийн зүүдэнд биш одоо л би мэдэрмээр байна.
Уймартал санагдах чинийхээн тэр янаг дүрийг
Уруул даван амтагдах балын амтаар солимоор байна.

2008.07.1
Улаанбаатар хот.

Бохир

Өрөөлийн түрийвч рүү өнгийж буй гар бохир
Өрөөлийн бүсгүй рүү өлийж буй залуу бохир
Өрөөлийн хайртыг үгүйлж суугаа бүсгүй бохир
Өгөх ёстой хайрыг умартаж суугаа хүмүүн ч бохир оо
Нунтаг шороо цацаж суугаа чавганц бохир
Нутгийн шороог худалдаж суугаа түшмэд ч бохир
Нугын ус хордуулж суугаа эзэнтэн ч бохир
Нутгаа орхиод тэнэж байгаа залуус ч бохир
Эцэс төгсгөлгүй шуналын сэтгэл нэг бохир
Энэ биеэ шүтэх мунхаг сэтгэл нэг бохир
Эв эеийг эвдэгч уурын сэтгэл нэг бохир
Эхийн ачийг умартсан хүйтэн сэтгэл нэг бохир
Үүрээ орхиод одож буй хөхөө бохир
Үүргээ умартаад үдшээр тэнэсэн залуус бохир
Үдэш шөнөөр хацараа гэрэлтүүлэгч эмс бохир
Үүрийн гэгээнээр гэртээ харигч эрс бохир
Аягатай цайнд өндөгөө дүрсэн эзэгтэй бохир
Алханы үзүүрээ шороонд даруулсан эзэн ч бохир
Ай даа байх ёсгүй зүйлийг байлгасан бол чи ч бохир
Ам ангайлгаж худал цуурсан бол би ч бохир оо.

Oyuka & Khuder 2008.02.18
http://vimomn.net

Цэвэр

Урсаж байгаа голын ундрага маш цэвэр
Учирч үзээгүй бүсгүй энүүн шиг цэвэр
Ариухан хайраан умартаагүй залуу та ч цэвэр
Алдаж оносон ч анхны хайр бүхнээс цэвэр
Төрсөндөө төрсөн бүсгүй хүмүүн бас цэвэр
Төрдөө үнэнч түмэн олон бүгдээрээн цэвэр
Урагаан мэдэгч хүмүүн бүгд цэвэр
Улсдаан зүтгэгч ард бүхэн амгалан цэвэр
Хагацал үзээгүй сэтгэл түгшүүргүй цэвэр
Хайрыг хайрласан хайрууд онцгой цэвэр
Халамжлах ёстой хүмүүнээ халамжилсан бол та ч цэвэр
Хадгалах ёстой журмыг хадгалсан бол би ч цэвэр ээ.



2007.02.18
Cheongju, South Korea

Ээждээ

Бүүвэйн дууны тань аялгуунд нойрсоод сэрэхдээ охин тань
Бяцхан нүднийхээн буланд ээжийгээн хайж бүлтэгнэсээн
Хоёр гуравхаан гишгэлээд хөлд орохдоон охин тань
Хоёр алгыг тань бараадаад тэнтэр тунтар алхалсаан

Бүлтгэр хөөрхөн нүдэндээн таныгаан олж харахгүй болохоор
Байдаг хоолойгоон гаргаад уйлдаг байсан охин тань
Тэнтэр тунтар алхахдаан танаасаан хол байвал
Тэнцэж чадахгүй ойчоод, орилдог байсаан охин тань

Бага ангийн багш шиг минь бага багаар үелүүлж
Бичиж хэдэнтэй сурсаан бяцхан үрстэйгээн ээж минь
Бүлээрч өвдөөд орилоход нь бага эмч шиг чагнаад
Бас өөрөөн өвдөж сэтгэлээн хэдэнтээ чилээсээн

Чихэндээн ээмэг зүүхээр чимх эрдэм зүү гэж
Чамаас хэн ч булаахгүй, чиний л ганцхан өмч эрдэм гэж
Нойронд өөрийгөөн өлгийдхөөр номонд өлгийд гэж
Насан балчир үрстээн насаараан сургаж өсгөсөөн

Өөрөөн эдлээгүй гоёлоороон охин намайгаан гоёж
Өтлөхдөөн харин охиноороо өөрийгөөн гоёсон ээжийнхээн
Өтөл буурал насыг нь хуваалцахсандаа охин тань
Өвтгөж сүлсэн өргөсийг нь сугалаад нэг хаяхсаан

Хоёр бумбагар хөхийг тань үлгэж өсөхдөөн охин тань
Хайрын дулаан илчийг хамаг биедээн шингээсээн
Хөтөлж таниасаан зүүгдсээр хүн болсон охин тань
Хайртай ээж таныгаан сэтгэлдээн зүүгээстэй торнисоон


Хайрын халуун өлгийнд бойжсон болохоор охин тань
Хамаг сэтгэлээрээн ээжийгээн харамлаж дотроон хайрлана
Хайртай ээжийг минь хазлах шумуулыг ч би өршөөхгүй
Хатан зүрхийг нь шаналгахыг хэнд ч би зөвшөөрөхгүй

Хүйтэн салхиа холуур үлээгээч гэж хөх тэнгэрээс охин тань гуйна
Хайрга чулуу бүү тээглүүлээч гэж хөрст дэлхийд би залбирна
Хайртай ээжийнхээн өмнөөс галд ороо гэвэл харин
Хормын төдийхэн ч эргэлзэхгүй үсрээд охин тань орно оо

2007.11.01
Cheongju, South Korea

Бүжнэ би

Сэтгэлд хурсан гунигаан
Сэгсчиж хаян бүжнэ би
Сэтэр зүүсэн нэрээн
Сэрээдэж хаян бүжнэ би
Үлэмж чанга аялгуунд
Үсэрч дэвхцэн бүжнэ би
Үй олны цэнгэл дунд
Үсээн сэгсчин бүжнэ би
Сайхан залуусын харцыг
Сүлбэж үлбэж бүжнэ би
Хөөрхөн бүсгүйн атааг
Хөдөлгөн байж бүжнэ би
Одоо би бүжиж байна
Орчлонг умартан доргиж байна
Амьдрал над дээр бүжихэд
Ай даа мөн чиг тэвчсэн дээ

2008.09.01
Улаанбаатар хот.

Хийсэж яваа цэцэгсийг чамтай цуг үлдээчихээд...

Инээд хөөр баяр гунигаан хуваалцаж
Итгэж дастал минь чи намайг аргадчихаад
Ялгуухан гунигт ая сэтгэлд минь хөглөж орхиод
Яаран яаран чи минь хааш одов оо

Бодол сэтгэлийг минь элэгдтэл эргүүлж уншичихаад
Борхон зүрхийг минь хааш нь хулгайлаад одов оо
Балын амттай цэцэгхэн насанд минь дурлачихаад
Башрын хайраар намайг хайрласан нь тэр үү

Итгэж, хайрласан сэтгэл дээр минь чи бүжчихээд
Ингээд л яваад өгөх байсан юм гэж үү
Янаг үнсэлт, бүлээн уруулаан сэтгэлд минь уяж орхичихоод
Яруухан эгшиг, ариухан аялгуу сэтгэлдээн хөглөн одов уу

Үүрдийн үгтэй зуурдын хайрыг чинь чамтай цуг үлдээчихээд
Үнэн гэж итгэсэн сэтгэлээн эвхээстэй нь би орхичихоод
Үрчийж одсон захиаг чинь дахин хэзээ ч дэлгэхгүйгээр
Үсэн буурал болтол чамайг л би хайрлана

Хэлж амжаагүй үгсээ нулимстайгаан цуг залгичихаад
Хийсэж яваа цэцэгсийг чамтай цуг үлдээчихээд
Будлиухан тэр хайрыг чинь чамаас хэзээ ч нэхэхгүйгээр
Буурал хорвоогийн өвөрт түүнтэй чинь цуг орно

2008.09.28
Улаанбаатар хот.

100 айлын гудамж

Хуучин усны тэрэгний эвдэрхий дугуйг
Хуруу гараараа эвлүүлж суугаа тэр бүсгүй
Хүний нутгийн хүйтэн салхинд
Хөлстэй, дарстай зүтгэсэн нэг залуугийн гэргий нь
Хөлсний хятадын угаадсан дээгүүр
Хөл бөмбөг тоглон гүйх тэр хүү
Харь оронд мөнгө хурааж буй
Хайртай аавынхаа бондгор үр нь
Хөдөө тэднийх малтай байсын
Хөргөгчин дотор нь мах байхгүй ээ одоо тэднийд
Хөөрхий аавийн барлагдаж олсныг ээж
Хужаагийн дэлгүүрт орлого болгоно
Хараагийн шилийг ерөөгийнхтэй цуглуулж хүү нь
Хорийн чихрээр ходоодоо баярлуулна
Арын хашааны ажилчин хятад
Атгахан газарт хашаа татаад
Шанага дүүрэн шороо ухаж
Шилтэй шингэнээр угааж өгнө
Хятад харин шаахайгаа углаастай
Хивстэй өрөөгөөр алхалдаг болно
Эгчид харин хужаа ах
Ээмэг зүүлт өгч хаяа баярлуулна
Эгч удахгүй түүнтэй гэрлэж
Ээжийг эмээ, аавыг өвөө болгоно
Бүл нэмж зуун айлынхан
Бяцхан эрлийз үртэй болно
Хөрш айлын Болд ах
Харааны шил олныг хаяна
Удахгүй тэгээд аав ирвэл
Улам олныг хүү цуглуулна.

2008.09.28
Улаанбаатар хот.

Будран орох анхны цас

Цасан цагаан ширхэг будран
Цагаан олоогүй хүйтнийг бэлэглэлээ
Өөрөөн гэхдээн газар унахдаан
Өнгөөн алдан хайлж орхилоо

Цаасан үг чинь бодролд минь хайлж
Цана хүүрэг сэтгэлд минь татууллаа
Өчигдөрхөн шивнэсэн хоосон үгс чинь
Өр зүрхийг минь халтартуулан буулаа

Будран бударсаар цасан ширхэгүүд
Буурал өнгө орчлонд нэмлээ
Бодолд минь хайлсан янаг үгс чинь
Буурал үс надад нэмлээ

Тэнгэрээс буусан хур тэгээд
Тэнд эндгүй шингэн одлоо
Тэнэгхэн чиний минь шивнээ үгс
Тэнд эндхийн бүсгүйчүүлд үлдлээ

Алаг хорвоод өнгө нэмж
Атга атгаар цас хаялна
Алаг зүрхэнд минь гуниг нэмж
Атгахан зүрхийг минь чимхлэн хаялна

Будран орох анхны цас аа

2008.10.12
Улаанбаатар хот.

Гэрэл үгүй бол сүүдэр гэж юуг хэлэх билээ

Ээжийн минь зөөлхөн гар үгүй бол
Эгэлгүй хатуу гэж юуг мэдрэхсэн билээ
Чиний минь ялгуухан хайр үгүйсэн бол
Чинь үнэн гэж би юунд итгэхсэн билээ

Жаргал гэж чи нэгийг бодвол
Зовлон гэж чамд өнөө нь бодогдоно оо
Бүхнийг чи өөр шигээн хайрлавал
Бүлээн дулааныг чи өдөр бүр мэдэрнэ ээ

Жаргах нарны гэрэлд жавартай үдшээн орхио
Маргаашийн мандах нарнаар магнайгаан тэнийлгэж амьдар аа
Өтөл нялхсын хооронд өчигдрөөн умартаж амьдар
Өнөөдрийн өөдлөх нарнаар өнгө нэмж амьдар аа

Найз гэж чи нэгийг онцолвол
Дайсан гэж чамд нэг оногдоно оо
Нөхөд гэж чи бүгдийг онцолвол
Дасаж бүгд чамайг хүндэтгэх болно оо

Гэрэл байдаг болохоор сүүдэр байдгиймаа
Гэгээн байдаг болохоор бараан бас байдаг юм аа
Өдөр байдаг болохоор шөнө байдгиймаа
Өр зүрх өвддөг болохоор догдлол баяслийг бас мэдэрдэг юм аа

Жаргал үгүй бол зовлон гэж юуг хэлэхсэн билээ...

2008.10.14
Улаанбаатар хот.

Задгай ба битүү

Бодсон хийснээ баруун солгойгүй чалчигчийг ам задгай гэнэ
Болзсон уулзсантайгаа баруун солгойгүй учрагчийг энгэр задгай гэнэ
Банзал, хантааз нь бүх л биеийг нь халхлахгүй бол хувцас задгай гэнэ
Баригдах хүрээ гэж үгүй аливаа юмыг л ер нь задгай гэнэ

Бодон бодон ганц үг унагагчийг битүү санаатан гэнэ
Бодолтой хэлсэн үг нь давхар утгатай бол битүү үг гэнэ
Баринтаглаж боосон бүхнийг битүү эд гэнэ
Баригдсан хүрээтэй зүйлийг л ерөнхийдөө битүү гэнэ

2008.11.10
Улаанбаатар хот.
Уншсан номоо чи газарт хаян босдог
Ухаан алдталаан адал явдал дунд өрнөчихөөд
Урдаас хойш хүртэл нь сампиртал нь эргүүлчихээд
Уншсан номоон чи газарт хаян босдог

Сонгодог зохиол л нэгэнтээ биш бол
Сонирхох зүйл үгүйг чи үл мэддэг

Азаргаан унан давхиад чи оддог
Адал явдалд дахин өрнөхөөр
Азтай учралд дахин нэгэнтээ автахаар
Азаргаан унан давхиад чи оддог

Сонгодог зохиол л нэгэнтээ биш бол
Сонирхох зүйл үгүйг чи үл мэддэг

Хайш яайшхан гарчиг төдийхөн номыг л
Хойноос нь урагш хүртэл нэвширтэл нь эргүүлчихээд босдог
Тархи чинь халаас шигээн нимгэн болохоор
Тэнд нь хаяад л босдог чи уншсан номоон.

2009.01.11
Улаанбаатар хот.

Газар дэлхий, цаг хугацаа

Аз жаргалтай мөчийг минь харж байсан бол модод шуугин баясах байсан биз
Амрагийн минь үгийг сонсож байсан бол салхи намууханаар исгэрэлдэх байсан биз
Алхааг минь мэдэрч байсан бол газар дэлхий намалзах байсан биз
Аз жаргалтай мөч бүхэн минь сэтгэлд минь л ганцхан үлдсэн болохоор
Асгаран урсах нулимсийг минь мод, салхи, газар дэлхий чи ойлгохгүй ээ
Агуу бүхний гэрч байсан ч чи дүлий, сохор харалган хэвээрээ мөнхийн бүтээл
Хөгшид нялхс, хүүхэд залуус чиний хувьд мөнх мэт
Хайр дурлал, янаг амраглал чиний хувьд дуусашгүй мэт
Нялх үрийн мэндлэн орилох дуун өдөр бүрт чамд сонсогдоно
Настан буурал хорвоог орхих гашуудал мөч бүр чамд сонсогдоно
Янаг амрагийн халуун авиа бүр яг л адилхан сонсогдоно
Яруухан эгшигт хөгжим чамд өдөр бүр уянгална.
Манцуйнаас нэг нь гарахад нөгөө нь орж байдаг орчлонд
Маргашгүй үхэл амьдралыг чи үл мэдрэн мөнхөд оршино.
Улирч өнгөрсөн амьдралыг минь надад сануулах мэт
Ургаж нахиална, бас гандаж шаргалтана модод таануус
Урсаж өнгөрсөн цаг хугацааг надаас нуух мэт
Уул ус, гол горхи байгаагаарай л мөнхөд оршино.

2009.01.22
Улаанбаатар хот.

Зүрх минь зүсэгдэнэ

Зүрх минь зүсэгдэнэ
Зүгээр суухад нулимс минь цуварна
Үдшийн болзоонд чамтайгаа өнгөрөөсөн мөчүүд
Үерхэж дотноссон хайрын намуухан үдшүүд
Цаг хугацааны салхинд хуй болон эргэлдэж
Цаг үргэлжид сэтгэлийг минь тэнгэрт тултал хөөрөгдөнө
Цавцгар үйлнээс ч хүйтэн хагацлын гунигт сэтгэл
Цааш нааш хөлхөлдөн тэнгэрээр нэг тэнүүчилнэ
Үүлгүйн орчлонд үлдсэн сэтгэлгүй бие харин
Үүрдийн гуниглалд автан газраар нэг мөлхөлнө
Хорвоогийн хатуу өдрүүд гэрлийн хурдаар цахилахад
Хөл нийлэн чавхдахгүй янагаан дурсан үймэрнэ ээ
Халуун янагийн хайранд дурлаж орхисон сэтгэлээ
Хатаж гундсан цогцостойгоо хадаж орхиод гэлдэрнэ ээ
Зүрх минь зүсэгдэнэ
Зүгээр суухад нулимс минь цуварна

2008.05.13
Улаанбаатар хот.