Sunday, February 1, 2009

Аз жаргал гэж юу вэ?

Агшин хором нүд ирмэх зуур өнгөрөх тэр эгшинг
Алаг нүдний гэрэл хорвоо дэлхийг гийгүүлэх тэр мөчийг
Хайртай ижийнхээ гарын цайг хөлсөө дуслуулан оочих тэр агшинг
Халуун янагийн харцанд мансууран суух тэр хормыг

Хийж бүтээснээ эргэж хараад хоолой зангиран баярлах тэр эгшинг
Хөдөө нутгийнхаа тал дээгүүр хөл нүцгэн таваргах тэр мөчийг
Хөдсөн дээлэнд хөрвөөчихөөд хөөстэй баананд суух тэр агшинг
Халуун янагийн дарс хормой дор буудах тэр хормыг

Хөл хүнд бүсгүй сандал олж суух тэр эгшинг
Хөөрхөн бяцхан хүү чихэр олж амтлах тэр мөчийг
Хатуу нясууныг хүртээд халуун бантан идэх тэр агшинг
Хүрч чадамгүй загатнах нурууг хүрч маажуулах тэр хормыг

Тэнгэрт гялалзах тоймгүй олон од шиг аз жаргалтай эгшинг
Тэрлэж бичиж би барахгүй ч, тэргэл саран шиг сондгой нь гэж
Аз жаргалтай мөчийн мөч гэж, ай гарцаагүй л эднийг би нэрлэнэ ээ
Ахиад цааш нь аз жаргалыг би нэрлэе ээ

Халуун бүлээрээн бүгдээрээ хамтдаан амьдрах тэр амьдралыг
Хөнгөн хөгжмийн эгшигт гуниглан суухдаан ухаарсан тэр ухаарлыг
Хөөрхөн сайхныг хослуулан төрөөд дурлалын галд оч болон үсчихийг
Хосоор туулах амьдралд халж хөрсөн тэр сэтгэлийг ч жаргал гэе!

Эрүүл байгаа биетэй бол жаргалтай гэе
Эдгэж болох өвчинтэй байсан ч жаргалтай гэе
Хөл гар минь хөдөлж байгаа бол жаргалтай гэе
Хүнээс дутахгүй амьдарч яваа бол жаргалтай гэе

Энгэрт нь нөхөр нь байгаа бүсгүйг жаргалтай гэе
Эхнэр нь толгой дор нь байгаа залууг ч жаргалтай гэе
Амралтын өдөр арван цаг унтахыг ч жаргал гэе
Ай даа унтаж босоод унтахыг ч жаргал гэчихье!

Алж чадаагүй үнэгээ харж чадсан бол ч тэр чинь жаргал
Авч чадаагүй зүйлдээ хүрч чадсан бол тэр чинь жаргал
Заяа төөргөөр учраагүй учралыг зүүдлээд сэрэх ч жаргал
Зөнгөөр мэдэрсэн зүүд биелэлээн олох ч бас жаргал

Сайн мууг нь зэрэгцүүлсэн ч санаж байна гэдэг нэг жаргал
Саар мууг жигшин бодож байна гэдэг ч нэг жаргал
Хөмхийгөө зууж хүчтэй дүлэх ч нэг жаргал
Хөөсөрсөн бийр морьтой цуг горхилох ч бас нэг жаргал

Жаргаж байгааг нь харах жаргалтай байдаг болохоор
Жаргааж чадах чинээгээр хэнийг ч би жаргаана
Жаргал хүний сэтгэлд жаран гал өрддөг болохоор
Жаахан багахан ч гэсэн цучил чамд өрдөе би!

2008.01.30
Cheongju, South Korea

No comments: