Sunday, February 1, 2009

Газар дэлхий, цаг хугацаа

Аз жаргалтай мөчийг минь харж байсан бол модод шуугин баясах байсан биз
Амрагийн минь үгийг сонсож байсан бол салхи намууханаар исгэрэлдэх байсан биз
Алхааг минь мэдэрч байсан бол газар дэлхий намалзах байсан биз
Аз жаргалтай мөч бүхэн минь сэтгэлд минь л ганцхан үлдсэн болохоор
Асгаран урсах нулимсийг минь мод, салхи, газар дэлхий чи ойлгохгүй ээ
Агуу бүхний гэрч байсан ч чи дүлий, сохор харалган хэвээрээ мөнхийн бүтээл
Хөгшид нялхс, хүүхэд залуус чиний хувьд мөнх мэт
Хайр дурлал, янаг амраглал чиний хувьд дуусашгүй мэт
Нялх үрийн мэндлэн орилох дуун өдөр бүрт чамд сонсогдоно
Настан буурал хорвоог орхих гашуудал мөч бүр чамд сонсогдоно
Янаг амрагийн халуун авиа бүр яг л адилхан сонсогдоно
Яруухан эгшигт хөгжим чамд өдөр бүр уянгална.
Манцуйнаас нэг нь гарахад нөгөө нь орж байдаг орчлонд
Маргашгүй үхэл амьдралыг чи үл мэдрэн мөнхөд оршино.
Улирч өнгөрсөн амьдралыг минь надад сануулах мэт
Ургаж нахиална, бас гандаж шаргалтана модод таануус
Урсаж өнгөрсөн цаг хугацааг надаас нуух мэт
Уул ус, гол горхи байгаагаарай л мөнхөд оршино.

2009.01.22
Улаанбаатар хот.

No comments: