Sunday, February 1, 2009

Гэрэл үгүй бол сүүдэр гэж юуг хэлэх билээ

Ээжийн минь зөөлхөн гар үгүй бол
Эгэлгүй хатуу гэж юуг мэдрэхсэн билээ
Чиний минь ялгуухан хайр үгүйсэн бол
Чинь үнэн гэж би юунд итгэхсэн билээ

Жаргал гэж чи нэгийг бодвол
Зовлон гэж чамд өнөө нь бодогдоно оо
Бүхнийг чи өөр шигээн хайрлавал
Бүлээн дулааныг чи өдөр бүр мэдэрнэ ээ

Жаргах нарны гэрэлд жавартай үдшээн орхио
Маргаашийн мандах нарнаар магнайгаан тэнийлгэж амьдар аа
Өтөл нялхсын хооронд өчигдрөөн умартаж амьдар
Өнөөдрийн өөдлөх нарнаар өнгө нэмж амьдар аа

Найз гэж чи нэгийг онцолвол
Дайсан гэж чамд нэг оногдоно оо
Нөхөд гэж чи бүгдийг онцолвол
Дасаж бүгд чамайг хүндэтгэх болно оо

Гэрэл байдаг болохоор сүүдэр байдгиймаа
Гэгээн байдаг болохоор бараан бас байдаг юм аа
Өдөр байдаг болохоор шөнө байдгиймаа
Өр зүрх өвддөг болохоор догдлол баяслийг бас мэдэрдэг юм аа

Жаргал үгүй бол зовлон гэж юуг хэлэхсэн билээ...

2008.10.14
Улаанбаатар хот.

No comments: