Сиймхий үүлэн чөлөөнд надтай учрах наран нэг л ээлгүй
Сэмжирч хоцорсон хайранд сэтгэл эвгүйрхэн нэг л эзгүй
Уйтай нүднээс үерлэн урссан гашуун горхи нэг л ёозгүй
Уймарч үлдсэн сэтгэлд зүрх шимшрэн нэг л тавгүй
Харууслын үер хацар даган урсахуйяа сэтгэл минь гундаж
Хатаж омголтсон уруулаан хэнд ч үл харуулан орь ганцаар бэдэрнэ
Сувдан нулимс болор дусал болгон хур буулгахуйд
Сүүдэр газраар цэнгэсэн чиний сэтгэл л үл норно
Гоо үзэсгэлэн, төгс төгөлдөрийн бурхан намайг эзгүйчилж
Ганган залуу насны минь гал халуун сэтгэлд хүйтэн зэвсэг дүржээ
Гаславч үл эргэм хайран тэр янаг сэтгэл
Ганцхан мунаг сэтгэлд мөс болон хөлдөн үлджээ
Гайхамшигт дэлхийн нэгэн тоос болгон бүтээхдээ бурхан намайг
Гариг ертөнц дээр зөөлөн буулгаад өнгө, мөнгөөр чимэн гоёжээ
Гагцхүү нүдээн олоогүй дурлал намайг орчлонд төөрүүлж
Галзуу хүйтэн хорслын нулимсаар өнгөлөн гоёжээ.
Омголтсон тэр уруул минь нулимсанд биш хайранд дэвтэх тэр эгшинг
Одтой шөнийн зүүдэнд биш одоо л би мэдэрмээр байна.
Уймартал санагдах чинийхээн тэр янаг дүрийг
Уруул даван амтагдах балын амтаар солимоор байна.
2008.07.1
Улаанбаатар хот.
Sunday, February 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment