Wednesday, July 1, 2009

...

Нулимс минь урс урс, хэнийг ч үл санах
Хоосон сэтгэлийн сүг болгож үлдээлгүй урсаад өг
Нэхэж өмөрсөн сэтгэлийг минь дэвтээж
Хэтэрч асгартал цуваад өг

Янаг минь

Тас тэвэрсээр
Цас орсоор
Чамайгаан норгохгүйн тулд ...

Тэвэрч өргөсөөр
Тэнхээ мэдэн гэлдэрсээр
Чамайгаан унагахгүйн тулд ...

Цав цагаахан цаасан дээр
Тас хараар эрээлсэн
Тансаг ялдам нүүрийг чинь цоо ширтсээр ...

Цаг хугацаа өнгөрсөөр
Цагаан цаас хар бэхээр
Чамайг би сэтгэлдээн зүрхэндээн сийлсээр ...

Мартагдашгүй, орхигдошгүй гэгээн бүхэн минь
Урагдашгүй, элэгдэшгүй тэвэр дүүрэн ном минь ээ.

2009.05.08
Улаанбаатар хот.

Нулимс

Нулимстайд
Энгэсэг халтайна, эвгүйцэж бухимдана
Зүрх базална, сэтгэл өвдөнө

Нулимсгүйд харин,
Зүрх хөлдөж, сэтгэл гөлийнө
Энгэр задгайрч, энгэсэг гялтайна.

2009.05.18
Улаанбаатар хот.

Үгүйлнэ

Уйтай үдшийн намуухан хөгөнд
Урсах нулимс, дуслах гунигаан товчилж ядна
Чамайг хайрласан сэтгэлээн юүлж
Чамтай өнгөрүүлсэн үдшээн товшино

Янаг уруул чинь ягаан хөхөвчтэй минь үнсэлцсэн
Ялгуухан хайрын халуухан үдэш дурсагдана.
Тэртээд өнгөрүүлсэн өдөр хоног
Тэнэгхэн миний нулимсан шилэнд тодорно.

Хавар цэцэглэсэн хайрын тэр үдэш
Хатаж гундсан навчтай цуг бүдгэрсэнгүй
Намар учран догдолсон янагийн тэр үдэш
Навч цэцэгтэй ч цуг дэлбээлэн цэцэглэсэнгүй

Нүгэл булаасан чиний хайрыг
Нэхэл дагуулан үдэж ядна
Хялбархан хувцас, нимгэн банзлаар
Хэдэн ном, хоосон ертөнцийг солимоор санагдана.

2009.05.29
Улаанбаатар хот.

...

Дусалсан
Урссан
Дундарсан нулимс

Хайрласан
Хардсан
Хагацсан сэтгэл

Ийм л нэгэн монгол бүсгүй

Халуун хайранд өлгийтэй өссөн болохоор
Хорвоогийн харыг цагаанаар сүлж би чадна аа
Хайрын дулаан илч үлгэж торнисон болохоор
Хатуу хүтүүгийн дунд халуун дулааныг ивж бас чадна

Дуулим энэхэн хорвоод дутах юмгүй өссөн болохоор
Дутуу гачуугийн зовлонг дундлаж хугаслах сэтгэл дүүрэн
Амандаан хийх амттанг арав хувааж торнисон болохоор
Атгандаа байгаа шимттэнг авдаа гээд өгөх сэтгэл бас дүүрэн

Хатуу хавтастай ном дэрлэж өссөн болохоор
Хэл ам хоёр нь эвлэж мэтгэхдээн сурамгай
Нүцгэн хомпүүтрийн гартай нүдэлдэж удсан болохоор
Нүүдлийн ахуйг умартаж нүгэл үйлдсэн гэмтэй

Халх сайхан эрд дурлаж алдсан болохоор
Хайр гээч морийг эмнэгшүүлж алдсан түүхтэй
Харь нутгийн чулуунд хайруулж үзсэн болохоор
Хангай сайхан нутагтаан амь шигээн хайртай

Ийм л нэгэн монгол бүсгүй байна би.

2009.06.01
Улаанбаатар хот.

Lonely Feeling to be Lonely

Хувцаснаас хувцасны хооронд
Хоосон хөнжилтэй тэврэлдчихээд
Хуудаснаас хуудасны хооронд
Хорьтой насаан эргүүлчихээд

Хорвоогийн олон залуугаар
Хясаж зугаацсан би гээч
Хоосорч үлдсэн сэтгэлтэй
Хоног төөрүүлэн гэлдэрнэ ээ

Хоёр тийрэлттэй пуужинг
Хэдэнтээ буудуулахын оронд
Хоёр гэрэлтэй хайрцаг
Хэдэнтэй асааж унтраана

Чийгтэй уруул хооронд
Цэнгэж зугаацахын оронд
Цэнэгтэй батерей нуртал
Чийдэнтэй үдшийг булна

Ганцаардлын ганган хувцасаар
Гадаа үдэшгүй гоёно
Ганган цагаан хавтастай
Гарч орсон ч нөхцөнө.

2009.06.19
Улаанбаатар хот.