Monday, May 26, 2014

Намайг аваач!

Нулимс нүдийг бүрхэн хацар даган урсана
Нүд уруулын хооронд гашуун зам татуулан урсана
Сэтгэлд айдас бүрхэн зүрх даган өвдөнө
Сэрүүн унтаагийн хооронд гашуун бодол хөвөрнө
Ээлжилж гарсан нар сар эргэх дэлхийг элээв үү
Ээлжилж зовоосон охин үрс нь ээжийнхээ сэтгэлийг элээв үү
Гэрэл сүүдэр ээлжлэн ээлжлэн цаг хугацааг элээв үү
Гадаа гэрт ээлжлэн ээлжлэн ганцхан ээжээ зовоов уу
Нулимс минь асгараад нууж чадахааргүй урсаа намайг
Холын хол цэнхэр тэнгэр хайрлан энэрч чадахгүй ээ гэв үү
Нүдэн дэх айдасаа нууж чадахааргүй өвдөө ээжийг минь
Хатуугаас хатуу хорвоо дэлхий сар жилээр даахгүй ээ гэв үү
Хайраар тань бялхаж, хамгаас жаргалтай яваа охин тань
Хорвоогийн хатуу чангад өвдөг сөхрөн цурхирахийг үл хүснэ
Өвдөж шаналсан ч тэвчих болохоор ээжийг минь орхиоч
Өөр хэниийг ч биш ганцхан намайг өвтгөөч
Холгож хорссон ч би тэвчих болохоор
Холдож одсон ч харамсахгүй болохоор
Хэнийг ч биш намайг аваач!

 Н.Оюун эрдэнэ 2014.05.25

Tuesday, January 15, 2013

Харанхуйн хот

Улаанбаатар хот гэдэг энэ их хот хөгжин дэвшиж байгаа мэт харагдавч оршин сууж байгаа хүмүүсийн цөөн хэдээс бусад нь сэтгэлийн гүн харанхуйн дунд амьдарч байна. Хот нь ил үзэгдэх утаан дунд, үл үзэгдэх гүн харанхуйн дунд оршино. Хүмүүс нь ядуугийн туйлд амьдрахаас гадна элдэв янзын өвчин дунд тэр их гүн харанхуйн гүнд амьдарна. Ойр төрлийн хэн нэгэн нь, найз нөхөд нь хаа нэг газраа өвдөөгүй, ямар нэгэн зовлонд учраагүй тийм хүмүүс маш цөөхөн. Бүх юм харанхуй мэт санагдах тийм мөч хүн бүхэнд шахуу тохиолдоно. Өдөрт хэдэн мянган хүн зүв зүгээр л хальтирч унана, машинаа мөргөлдүүлнэ, хэн нэгэн нь хүчиндүүлж, хэн нэг нь хөлдөж үхнэ. Зүгээр явж байгаад л дээрээс нь түсс. Амьдрал алга эргэхийн хооронд дуусах харанхуйн энэ хотод мэндэлсэн хүүхдүүд ч азгүй. Хаа нэг газраа согогтой, төрлөө гэхэд утаагаар амьсгалж, хятад хороор угжигдана. Хэн нэгэн нь хилс хэргээр шоронд орж, хэн дуртай этгээд 14 хоногийн дотор 5 хэл зааж сургана. Дэлхийг сөнөөж, бас аварна. Хамаг байдаг яам тамга нь хариу мэдэгдэл хийж том тэнэгтэнэ. Хийж болохгүй зүйл гэж энэ хотод үгүй. Хэдэн мянгаараа хятад иргэд хотын гудамжаар шан нян пан дян гээд л энүүгээр тэрүүгээр олив долив хийж бяцхан тэнэг эмэгчингүүдийг олзлоно. Үйлдвэр, олзворын хог ууж урссан хатан туул нь загас жараахайгаа шидлэн цурхирна. Эцэс сүүлд нь хамаг зовлонгийн бурууг хөөрхий эмч нарт тохно. Буруутан нь олддоггүй тамын энэ тогооны гол эзэд нь од нь харваж хариуцлага алдсан хөөрхий эмч нар. Хэсэг зуур хэн нэгэн эмч нь дараагийн удаад дараагийн нэгэн эмч нь бүхний амны зугаа болж, ядарсан ардын анхаарлын төвд хамаг хараалыг иднэ. Бидэнд ямар ч эмчийг буруутгах эрх байхгүй ээ. Өдөрт арав хүрэхгүй хүн үзээд суудаг 50 сая хүн амтай Солонгос эмч нар шиг үнэтэй тоног төхөөрөмж, шинжлэх ухаанаар зэвсэглсэн биш, шалан дээрээ хүртэл өвчтөн хэвтүүлээд гар хумхилгүй, нүд цурам хийлгүй ажиллаж байдаг хөөрхий 70 оны технологиор 21-р зууны өвчтөнг эмчилж суугаа 3 cая хүнтэй эмнэлгийн өдөрт багадаа гучин хүн эмчилдэг эмчид би лав буруу өгч чадахгүй. Үхтэл сурч, муужиртал ажиллаад цэвэрлэгчийн цалингаас бага цалин авдаг тэр хүмүүсийг юу ч хийж байсан би лав даг буруутгахгүй ээ. Ухаан мунхаг ард түмнээ өнөөдрийн талх, гурилаар зогоож, монголын баялагийг хувааж идсэн 3% тэр баячуулыг ч буруутгахгүй ээ. Энэ амьдрал, ийм зовлон харанхуйн дунд нулимс дуслуулан амьдраа бид бүгдийн буруу! Чухамдаа ганцхан хүүхэд гал алдаж нас барсны төлөө улс даяараа гал асаагуурт түгжээ хийх стандарт гаргаж ашиглаж суугаа японы хөгжилд атаархаж, бараг нэг ч хүүхдийн эндэлгүй эхийг төрүүлж байгаа швецаруудад атаархаж, хоёр гар нь тасраад уначихсан хүний судас шөрмөс бүрийг залгаж суугаа солонгосчуудад атаархаж, ам булаалдан ярихаас илүүтэйг үл хийж чадах бидний л буруу. Улсын хөгжлийн түлхүүр болсон IT -ийн салбар нь хүний хойноос алга сайн ташиж гүйсэн хүний хувь хүртсэн суудал болчихсон байхад дугай л сууж, чаддаг байж чаддагаа илэрхийлэхгүй, мэддэг байж хийхгүй, ярьдаггүй тэр бүх залуусын буруу. Хүмүүс үхэж байхад эмнэлэг булаалгаж байгаа бол тэр бидний буруу булааж байгаа тэдний ч буруу! Эргэн тойрон алга ташигчдаар хүрээлүүлж, хаан сэнтийд заларсан эрхэм гишүүд та бүхний буруу! Хийнэ гэчихээд хийхгүй, чадна гэчихээд чадахгүй байгаа тэр хүмүүсийн буруу! Яг өнөөдөр өвчин тусвал монголд эмчлүүлдэг их хурлын гишүүд хэд вэ? Яагаад тэгвэл монголд эмчлүүлж болохооргүй байгаа юм бэ? Харанхуйн энэ хотыг ёлтойсон гэрлээр гэрэлтүүлж чадах эмнэлэг, боловсрол хоёр бүхний ард явах нь юуны учир тэр вэ?

Thursday, September 27, 2012

Нулимс минь яагаад нүдээр минь бүрхэнэ вэ
Нууцхан гуниг яагаад сэтгэлийг минь бүрхэнэ вэ
Цав цагаан цасан дээр урсан унасан тэр нулимсыг
Цав цагаан сэтгэл дээр минь дусан үлдсэн тэр толбыг

Хэзээ ч арилгаж чадахгүйгээ чи мэдэх болохоор
Хорсол гунигт намайг живүүлээд явж одсон уу

Нүдэнд чинь би дахиад харагдахгүй болохоор
Нүүрээ наан цээжинд чинь эрхлэхгүй болохоор
Эргээд ирсэн ч чамайг уучлахгүй болохоор
Эгцэлж чам руу харахгүй болохоор

Харуусавч хожимдсон тэр сэтгэлтэйгээ
Хариу нэхэлгүй орхиод одсон уу

Сэтгэл минь яагаад ийм ихээр өвдөнө вэ
Сайхан тэр дурсамжийг ийм ихээр үгүйлнэ вэ
Нулимс минь яагаад ийм ихээр урсана вэ
Нэгэнт одсон хайрыг би яагаад үгүйлнэ вэ

Намайг үгүйд сэтгэл чинь өвдөхгүй бол
Нааш ирээ гэж би чамайг дуудахгүй ээ
Хайр дүүрэн зүрхээ алган дээр чинь тавиад
Хамгийн сайхныг чинийхээ амьдралд ерөөнө

Wednesday, September 7, 2011

Баяртай

Худал ярьсан үг бүхэнд чинь согтож
Хуурамчхан чамаас салахыг би хүсэвч
Дэндүү дассан энэ сэтгэлд би бүдэрч
Дэргэдээс чинь холдож би үл чадна

Надад үл итгэх бүрт чинь би чамайг чадаж
Нэгэнтээ хариу авах мэт санагдавч
Хорстол хуурсан чиний тэр үйлдэл бүр
Хоромхон төдий ч сэтгэлээс минь үл арилна

Уйлах тусам сэтгэл минь уужрах ёстой атал
Уйдах тусам чи надаас холдох ёстой байтал
Бие биедээ уусан цэнгэсэн өдрүүд урсан
Бие биенээ хуурсан өдрүүд үргэлжилнэ

Нэрийг чинь ч дахин дуурсахыг би үл хүсэн
Нэг л өдөр чамайг орхин одохоо би мэднэ
Хуурамч бүхэн тэр өдрөөр дуусч
Худал ярихыг чинь ахин би сонсохгүй ээ баяртай

Wednesday, April 20, 2011

Хайргүй сэтгэл, сэтгэлгүй жаргал Халуун бие, харуусал гуниг

Омголтож хатсан уруулаан нэгэнтээ би норгосон
Омог бардам сэтгэлээн хувцастайгаан цуг тайчсан
Хаврын шөнийн уртыг чимээтэй, аниртай үдэж
Хүйтэн хөнжлөөн тэгэхэд амь ортол бүжсээн

Хөв хөндий сэтгэл, хав халуун ортой
Наран мандтал цэнгэж, сар нь ичтэл жаргасан
Хов хоосон сэтгэл, дүв дүүрэн цэнгэлтэй
Нартыг тэгтэл доргиож нэгэн үдшийг үдсээн

Сэрүүн үдсэн шөнийг нар нь тэгэхэд сэрээсэн
Сэтгэл үгүй цэнгэлээр цэнгэж дуусаад уйлсаан
Халуун үдсэн шөнийг чиний дурсамж нурааж
Халуухан шөнийг умартаж хөлдөөн сөхөртөл ичээсээн

Намайг хуурсан тэр өдөр чамд минь ямар там байсныг
Надад хэлсэн үг чинь тэгэхэд ямар чин үнэн байсныг
Эргэж хэзээ ч ирэхгүйгээр явж одсон өөртөөн
Эцэслэж би нэгэнтээ энэ мөрийг үлдээлээ:

Гар бариад өнгөрөх шиг энгийн л нэгэн үдэш байдгийн
Гал гараад унтрах шиг зүгээр л нэгэн жаргал байдгийн
Үдшээр эхэлсэн цэнгэл үүрээр дуусаад л өнгөрдгийн
Үгээр хэлэмгүй гунигийг үүрд үлдээгээд л оддогийн

Хайргүй сэтгэл, сэтгэлгүй жаргал
Халуун бие, харуусал гуниг

2011.04.01

Tuesday, December 28, 2010

Үүрд баяртай.

Хэлэхийг хүсэх үг ч үлдсэнгүй
Харахыг хүсэх сэтгэл ч үлдсэнгүй
Эргэж хэзээ ч харахгүй
Эндээс би үүрд явлаа
Зугатаж явсан чиний бие
Зугатаж холдсон миний сэтгэл
Сэтгэлгүй бие, биегүй сэтгэл
Салахаас өөрцгүй бидний амьдрал
Учран жаргахыг чамаас хүсэхгүй
Уулзан суухыг ахин хүсэхгүй
Хэзээ ч эргэж ирэхгүйгээр
Хажуухнаас чинь би холдон явлаа
Аргадаж дуусахгүй чиний сэтгэл
Ахиж хиртэхгүй миний бие
Хиртэй сэтгэл, хайртай бие
Хэзээ ч нийлэхгүй бидний амьдрал
Би явлаа баяртай
Бэтгэртлээн битгий санаарай намайг
Хэзээ ч эргэж ирэхгүй болохоор
Хэлж нэрийг минь ч бүү дурсаарай

2010.12.23
Cheongju, South Korea

Sunday, November 28, 2010

...

...
Зав гээчийн залууг замын хугасад гээчихээд
Залхуу, нойр хоёроон үдшийн хугасад даатгачихаад
Замд таарах залуугийн халуун нүдийг өвөртөлчихөөд
Залуу халуун насаа номын хуудастай цуг эргүүлчихсээн
Өндөр өсгийтэй гутлаан тоосонд даруулж орхичихоод
Өнөөх ганган түрийвчээн тураалын зэрэгт оруулчихаад
Өдөр цагтай уралдаж өлсгөлөн тархиан хооллоод
Өөр зав гаргасангүй ээ, өөрөөн тэгээд бодож сууна
Амьдрал гэдэг юу юм бэ, ажиллахын нэр мөн юм уу
Ажил гээчийн уналганд халаагүй явах морь юм уу эсүүл
Уулгамч гээчийн тэмцэл дунд ухаан бодлоон уралдуулж
Уут дүүрэн мөнгийг урьтаж олох жүжиг юм уу
Ажиллах гэдэг юу юм бэ, амьдрахын нэр мөн юм уу
Амьдрал гээчийн тогоонд ялзартал буцлах цогцос мөн үү
Зуун зуун жил зураг шиг өнгөрөөд одохын хооронд
Зурвасхан энэ мөчид ч ажиллаж өнгөрөөх нь зөв ч юм уу
Нүднээс унасан нулимс газарч уналгүй шингэхийн зуур
Нууцхан гунисан сэтгэл мандах нарнаар сарнихын хооронд
Зав гээчийн залууг замын хугасад өвөртөлчихөөд
Залуу халуун сэтгэлээр тэдний дунд зугаацана аа

2010.09.27
Улаанбаатар хот.