Thursday, January 29, 2009

Чи мэдэхгүй

Халуун тэврийг чинь үгүйлж, хатаж гундаж суугааг минь
Харанхуй шөнө халхавчлан чамд ердөө ч харуулахгүй ээ
Сэтгэлдээ шаналж, зүрхэндээ гуниглаж суугааг минь
Сэхүүн зан минь хөшиглөж чи ердөө ч харахгүй

Чамтай цуг инээмсэглэл минь амьдралаас минь хийсч
Чиний гишгэлсэн мөр бүхэнд нулимс минь хунгарлан буйг чи мэдэхгүй
Зүрх минь зөвхөн чиний л дэргэд бөмбөр шиг түчигнэж
Зүүд нойрондоо чамтайгаа л янаглан амрагладгийг чи мэдэхгүй ээ.

Чамгүйгээр өнгөрөх өдөр хоногууд надад ял болж
Чимээгүйхэн мэгшин уйлж явааг минь чи мэдэхгүй
Холдох тусам тодорсон ховорхон хайр надад шийтгэл болж
Хорвоогийн уйтай өдрүүдэд гуниж суугааг минь чи мэдэхгүй ээ

2007.12.24
Cheongju, South Korea

Sunday, January 18, 2009

Хэнийг ч би хүлээхгүй

Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан
Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй
Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд
Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй
Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй
Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ

Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй
Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй
Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч
Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй
Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч
Намайг мартсан жаргалыг чинь сэтгэлээс чинь би нэхэхгүй
Багын анд минь ээ гэж, би найзыгаан ч хүлээхгүй ээ

Хорвоогийн наран мандахад хоёр хөл дээрээн би бат зогсоод
Хорин хуруугаан би зэрэг хөдөлгөж хоосон үгүй амьдарна
Өнгөт наран мандахад өөртөөн л итгэж сэрнэ
Өнгө өнгөөр солонгоруулж өнгөлөг би амьдарна.
Хэнд ч би итгэхгүй өөртөөн л харин итгэж
Хэнийг ч би хүлээхгүй хоосон зайнд амьдарна аа.

2007.12.13.
Cheongju, South Korea

Tuesday, January 13, 2009

Халуу дүүгсэн гарыг тань санаж байна аа охин тань

Аавынхаа дулаахан тэр том гарных нь
Алганд нь би багтаж мэндэлсийм
Тэнтэр тунтар мөлхөхдөөн аавынхаан өврийг бараадан
Тойруулж тавьсан хөнжилнөөс зөөлхөн санагдаад хорогддогсон
Тосож суугаа аавынхаа том тэр алгыг хараад
Тоост энэ орчлонгийн газар нь зөөлхөн санагддагсан
Өвөртөө гараан дүрэхэд нь өнгөлзөөд л би гүйдэгсэн
Өөрт минь хэрэгтэй бүхэн өвөрт нь дандаа байдагсан
Зөөлөн чихэр зөөлөн үгсийг зөндөөн би идэж торнисонсон
Зуугийн дэвсгэрт, зүйлийн сургаальтай зөндөөн би өвөрлөж өссөнсөн
Амьдралын их нугачаанд анх хөл тавихдаан ч
Аавынхаан гарнаас хөтлөөстэй айж би ер тэвдээгүй ээ
Аавын минь алга илбийн юм шиг шидийн юм шиг
Асуусан бүхэн минь дээр нь дэлгээстэй, дэргэд нь тавиастай
Алдааг минь хорсгож, амжилтыг минь илбээстэй өсгөсийм намайг
Өөрийгөөн харин аав минь өлмий доор минь ивж
Өтөл насныхаан хайрандаан үр намайгаан өлгийдсийм
Гүйгээд очихын цаана гүвээ уул л бий ч
Гүйдэл явдлын хооронд санаж байна аа таныгаан
Хатуу оргисон үгсийг тань амьдрал надад шивнэхэд
Халуу дүүгсэн гарыг тань санаж байна аа охин тань

2008.10.28
Улаанбаатар хот.

Бүсгүйн шүлэглэл

Халуухан үдшийн дагина янагхан бүсгүй би
Хайрын дөлөнд шатахдаан ухаан бодол минь согтож
Хамаг бүхнээн өгчихсөөн
Хайрлуут дуу алдан

Хамгийн анхны цасан ширхэгийг харин
Хадгалж үлдлээ өөртөөн би
Хүй орчлонд бүсгүйн тоог нэгээр нэмж
Хүүхэн хонгор минь гэж чамаараан анх хэлүүллээ

Гэрэл нэвтрэм даашинз минь намайг
Гэрэлтэй үдшийн саран болгож гоёно
Гэгээн хайрын минь бурхан хонгор минь намайг
Гэрэлтэй үдшийн наран болгож чимнэ

Эхээс төрсөн биеээрэн чамд би уусаж
Эмнэг залуу насны чинь
Эрээгүй хүсэлд хэдэнтээ зугаацаж
Эгэлгүй жаргалд чамтайгаан дуу хоршин цэнгэв

Удтал улаахан уруулыг минь озоход
Ухаан алдам янаглалыг чамаас би мэдэрч
Уруу зөрүү тийчилдэн тачъяадсан сэтгэлээн
Уруулнаас уруул хүртэл озолдон жаргав аа

Уран гоолиг бэлхүүсээр минь
Усан дусал гулган зугаацаж
Ууршиж эс одон харин ч горхилон
Улам улам энүүгээр тэрүүгээр тэнүүчлэнэ

Бумбан хоёр цагаахан гэрээр
Бумбагар хоёр гар чинь элс шиг өнхрүүлж наадах шиг
Бондойлгож, налмайлгаж
Босгож бас нураана

Саахалт айлынхан мэдчих вий гэж дэгжсэн хирнээн
Саваагүйтэн шүлэглэж би бичиж байна
Санаж байна тэр үдшийг яг энд шүлэглэсэн шигээн
Салгуу орчлонд чамайгаан гээж орхисноос биш

Бурамтай үдшийн хүүхэн хонгор янаг чинь
Бусдаас өөрийгөөн харамлан чамайгаан л хүлээнэ
Булингартай уснаас өрлөж орхихгүйн төлөөнөө
Бодол зангидан хүлж сууна өөрийгөөн

2009.01.06
Улаанбаатар хот.

Тэр л үед

Тэр л үед

Өнгөт лааны өчүүхэн гэрлээр шөнийг чимэглэн
Өөдөсхөн эрээн даавууг тасчуулан жаргах тэр л үед чинь
Өрхөө ээж чинь татаад лаагаан асааж
Өөдөс даавуу нийлүүлэн ухаан бодлоон чам руу хөврүүлж суугаа

Ухаангүй хайрын өчүүхэн дөлөөр жаргалаан чимэглэн
Усны эрэг дээр хайраан сийлэн суух тэр л үед чинь
Уулзахын ерөөл тавин эжий чинь
Уул хадыг сүүгээрээн сийлж суугаа

Залуу насаараан чи өөрийгөөн чимэглэн
Завтай нь аргагүй зугаалж явах тэр л үед чинь
Залуу чамаар эжий чинь гоёж
Зэс данхны ёроол шагайж суугаа

Хөнгөн цаасны эрээн үгэнд толгой гашилган
Хүйтэн товчлуур хаяа нэг товшин суух тэр л үед чинь
Хөнгөн ханиад ч амин зүрхийг нь хаяа нэг товшин
Хөвөн цагаан үс санчигэнд сууж байгаа

Буцаж урсахгүй нулимсаар өөрийгөөн чи хаяглан
Бурханд сөгдөн харуусахгүйн төлөөнөө чи энэ л үед
Бурхан шиг ачлалт ааваараан хаягласан гэртээн
Будлиу давчуу ч зочилж байгаарай анд минь.

2009.01.11
Улаанбаатар хот.