Monday, April 20, 2009

Бүсгүй чамд атаархана би

Саарал үүл нар халхлан зэгэлтсэн өдрүүдэд
Сатаарч үл дасах харь нутгийг умартан
Саран наран үүлэн цаагуур шумбахыг харж суугаа
Сайхан монгол бүсгүй чамд би атаархаж сууна

Усны өрөөнд хөөс цацлан суухдаан
Удтал нутагаан би санагалзаж
Уулын хүйтэн усанд уран гуалиг биеээн угаах
Ус нутгийнхаан бүсгүй чамд би атаархана

Зөөлөн буйданд шигдэн суухдаан би
Зайдан морь унасан бүсгүй чамд атаархана
Зурагт үзэж нүд чилээн суухдаан
Зураг шиг газар амьдарч буй бүсгүй чамд би атаархана

Болор овжуур таазан дээрээс унжин
Бодол юуг минь өөр лүүгээн татахад
Бор гэртээн од тоолон амараа
Боржигон удмын сэвгэр чамд атаархана

Харь хэлээс бадар барин тэнэж
Хаа нэгтээ интернэт ухаж суухдаан
Холч ухаант өвгөдийн шашлиж үлдээсэн сударыг
Хадгалж суугаа бүсгүй чамд би атаархана

Халуун хүйтнийг зодолдуулан байж
Хачир голцуу хоолыг хоолой давуулан зооглохдоон
Гамбанз хутга хоёр зодолдуулан байж
Гурилтай шөл чанаж суугаа бүсгүй чамд би атаархана

Гэрлэн чимэглэл мэлтийсэн харь нутгийн шөнөөр
Гаазан халаагуур асаан гэртээн гиюүрэн суухдаан
Гэгээн мичид тэнгэрийн наагуур хөшиглөхөд
Гэртээ гал түлэн дулаацаж суугаа бүсгүй чамд атаархана

Ганц хоёр мөнгө хийж кноп дараад
Гарт унаж ирэх гаазтай ундаа уух зуурааан
Гэрэлт наран үүлэн цаагуур шумбах зуур
Горхины ус эгэлдэргэлэн тавхай гялалзуулах бүсгүй чамд атаархана

Хүйтэн дэрэнд толгой наан
Хаяахан нэг хань болж чаталсан залууг би санахдаан
Хүдэр цээжинд нь нүүрээн наан унтсан
Хүүхэн хонгор бүсгүй чамд би атаархана

Уул усаан нүхэлж босоо шороо овоолсон
Уулсын цаадах харь нутагт би суухдаан
Янгир угалз уулан дээгүүр сэрийсэн
Яндашгүй баялагт нутагтаан суугаа бүсгүй чамд би атаархана

2009.01.29
Cheongju, South Korea

No comments: