Sunday, November 28, 2010

Зогс, бүү урсга!

Гал урсдаг уу?
Урсаж байгаа шингэнд гал өгөөд үз
Сэтгэл урсдаг уу?
Тэмүүлж байгаа сэтгэлд зам зураад үз
Бороо урсдаг уу?
Агаар гээчийг алаг дэлхий мэтээр төсөөлөөд үз
Орон зай урсдаг уу?
Цаг хугацааг хурдаар туулж байна гэж төсөөлөөд үз

Урсдаггүй юм гэж байдаггүй
Урсгадаггүй баринтаг л гэж байдаг

Үндэстэн угсаатан урсдаг уу?
Эмс охид нь эрлийз цус эргэлдүүлбэл
Эргүүлэгт орсон мэт хурдан урсана
Хүн ард урсдаг уу?
Амиа бодон арилж байгаа нь
Ард нь үлдэж байгаагаас илүү бол урсана
Эх орон урсдаг уу?
Төрж байгаа нялхаст нь
Түм буман эрлийз байвал урсана
Загас урсдаг уу?
Зам зуур нь хаягдал бохир урсаад орвол
Зүгээр л дээш харж хэвтээд л урсчихна.
Эрдэнэс урсдаг уу?
Хилийн зураас дээр
Хэлтэрхий эрдэнэс олондоод ирвэл урсаж байгаагийнх

Урсдаггүй юм гэж байдаггүй
Урсгадаггүй баринтаг л гэж байдаг

Зогс, бүү урсга!

Oyuka 2009.06.04

Хэлэмгий доломгой хоёр луйварчин

Эртээ урьдийн цагт биш юм гэнэ
Энэ төрийн энх цагт юм гэнэ ээ
Хэлэмгий доломгой хоёр луйварчин
Хаан төрийн сэнтийг булаалдаж гэнэ
Хаанаас нь ч харсан хагарталаа баяжсан
Хаалгач байсан хоёр юм гэнэ ээ
Жижиг жижгээс луйвараан эхэлж
Жинхэнэ алдартан шиг төрхөөн хувиргаж гэнэ
Жижиг хорчгороос жинхэнэ бөмбөөлэй,
Том атигараас тонтгор түнтээлэй болтлоон баяжиж гэнэ
Ухаан гайгүй өөрийн дайснаан
Улс орон алгасаж цөллөгөнд явуулчихаад
Олон олон ядуу ардаа
Орон гэргүй тэнүүлч болгочихоод
Эрээн булчирхайгаан цочтол
Эрээ цээргүй цалчицгааж байна гэнэ
Би бол намбар one чи бол намхан бор
Бид бол жинхэнэ хонх чи бол хуурамч лонх
Өлсгөлөн ядуу ардынхаа
Өрх татах оосор бүчээр нь
Хоолой хоолойгоо ээлжилж боолцон
Хорин тэнэгийг дагуулан намирна
Өлөн зэлмүүн түмэн олны
Өл залгах боов боорцогоор нь
Өөд өөдөөсөөн чулуу нүүлгэлцэж
Өрх гэрийг үймээнд хутгана
Болдогсон бол та хоёрыг
Бор олсоор хүлж орхиод
Боолийн нийгмээс улсаан гаргаж
Бохир заваанаас төрөөн салгахымсан.

2009.05.13
Улаанбаатар хот.

Шинийн нэгэнд ганцаараа алхлах өвөө

Хуучирч гандсан торгон дээл өшиглөн
Хөмсөг зангидан алхах энэ өвөө хаачих юм бол
Хөгшин буурал энэ өвөө яаран золгох хэн нэг нь
Хөрст энэ дэлхийн шороон дээр нь байгаа юм бол уу

Буурал энэ өвөөг түшиж алхах үр ач нь
Будант энэ хорвоогийн хаана нь байгаам бол
Майга буурал самган нь хаачаа юм бол
Майдар бурханы гэгээн дүртэй золгохоор одоо юм бол уу

Бурхан шиг амирлангуй дүрээн гээн
Будаг сараалсан юм шиг үрчлээтэж гандсан энэ өвөө
Бурхадын оронд залж одогсдоон дурсан
Бухимдаж гансрахдаан хөмсгөөн зангидаа юм бол уу

Нүүрэнд нь тогтсон үрчлээснээс тэр уурлаж байгаа мэт
Нүгэлт энэ орчлонд бухимдаж яваа мэт
Хорвоогийн нарыг харах бүртээн ярвайсан мэт
Хорин хэдхэн насандаан хагацал үзсэн мэт

Цаг хугацааг эргүүлж болдогсон бол
Цаг ямагт инээмсэглэж халуун дулааныг өөрөөсөөн цацруул гэж
Цаглашгүй их хайрыг өөрт тань нар болгон бэлэглэхсэн
Цаанах тэр өдөр та цангинасан инээд хөөрөөр бялхан

Зурсан юм шиг нүд дүүрэн үрчлээстэж
Зуун зуун өдрийг үр ачтайгаан, үеийн олонтойгоон
Бараан тор барин гундсан дээл өмсөлгүй
Баатар хотын гудамжаар олуулаан алхах байсан биз

Хэлж үл мэдэх, тааж ч үл мэдэх энэ орчлонд
Хөөрхий дөө энэ өвөө хэзээ нэгэн цагт
Хөрст дэлхийг эргүүлэм ааг бярыг багтаан ядаж
Хөөрхөн хонгор түүнтэйгээн цаг хугацааг туучсан ч юм билүү

Шинийн нэгэнд ганцаараан алхлах энэ өвөө
Ширлэгдэж гундсан царайгаараан амьдралыг тахлаа ч юм билүү
Шийтгэл ял биш амьдын шагнал болгож
Шинийн нэгний өглөө ганцааранг нь алхуулаа ч юм бил үү

Хэлж үл мэдэх, тааж ч үл мэдэх энэ орчлонд
Хэтэрхий олныг би эргэцүүлээ ч юм бол уу?

2009.02.26
Улаанбаатар хот.

Юу гэж юу юм бэ?

Үг гэж юу юм бэ
Ам хэлний хооронд бүжиглэж гарсан хий
Атирч буржийсан тархины хийлж гаргасан авиа
Агаараар зам хийж чихэнд орсон долгион
Алаг зүрхэнд биш атигар тархинд шигдэх зураас

Үнэн гэж юу юм бэ
Үүр шөнийн хооронд жүжиглэж өнгөрсөн үйл
Үдэж буцаасан хорвоод хийж өнгөрөөсөн үйлдэл
Үйлийн үргүй харсан бас сонссон мэдрэмж
Үзээд өнгөрүүлсэн хорвоод үлдэж хоцорсон мөр

Нойр гэж юу вэ?

Зовхины үрчлээс тэнийж, зүүдний хөшиг болох эгшин
Зуурдын үхэлд автаж, орчлонг умартах агшин
Цаг хугацааны ашиглагддаггүй тал нь
Цэнгэл зовлонг амсахгүйгээр мэдрэх завшаан

Юу гэж юу юм бэ?

Борхон зүрх нь догдолсон бүсгүйн мөрөөдөл
Борхон юу нь догдолсон залуу эрийн зугаацал
Будагтай чимэгтэй бүсгүйн бурхан биеийн нахилзал.
Будагтай өнгөтэй орчлонгийн өнгөгүй өнгийн шилжилцэл

Цаг хугацаа гэж юу вэ?

Урсаж, урагдаж, элэгдэх үйл
Ургаж, урагшилж, давших үзэгдэл
Умайнаас авс хүртлэх зам
Унтаж сэрэхийн орчил

2008.12.08
Улаанбаатар хот.

Хайрын хагацал

Харц харцандаан хайлан ууссан халуун өдрүүд алслан одохуйяа
Хорсгож үлдээсэн хүйтэн мөр чинь сэтгэл зүрхийг минь цэвтэн цэвтүүлсээр
Бие биендээн уусан цэнгэсэн хөлсөн дусал хатан арилахуйяа
Бөнжигнөн дуслах нулимсан хэлхээ бодлыг минь даган урсан урссаар

Болоод өнгөрсөн бүхний хойноос шүүр бариад мөрийг нь арилгамаар
Бодлогоширч гунигласан сэтгэлийн хойноос хайр даллаж бүхнийг мартмаар
Чамд гэж хадгалсан ариухан бүхнийг гээж хаяаад зугаацаж цэнгэмээр
Чамайг хайрласан хайрын сэтгэлийг хийсгэж хаяад янагшин дотносмоор

Чивчиртэл хөвчилж, чинэртэл татсан тэр суманд чинь бамбай болсон миний сэтгэл
Чимээгүйхэн ёолон ёолж дотроон өмөрсөөр
Чиний дүр эсгэж, дулимагхан шивнэсэн худал үгс миний чихнээ
Чаг чаг хийх цагийн зүүний эргэлт бүхнээр хангинаж янгинасаар

Халуун үгтэй хайрын захианууд чинь нүдэнд эрээлжилхэд
Харууслын шуурга нүд нүүргүй зэхүүнээр үлээсээр
Харгис хэрцгий сэтгэлийн чинь мананд автан гуниглахад
Хагацлын нулимс өнчин дэрэн дээр под под хийсээр...

2007.12.02
Cheongju, South Korea

Гунихарч битгий суу даа

Хонгор найз минь би харж байна аа
Энэ дэлхий чамд хатуухан байгааг
Энд бас тэнд нэг нь чамайг гомдоож байгааг
Гуниж бас гомдоэ суугааг чинь би мэдэрч байна аа
Гэвч анд минь найздаан итгэ
Нүдэнд чинь хурсан нулимс
Зүрхэнд чинь шингэсэн гунигийг хөөж
Цэнхэр тэнгэр, цэлмэг нар ирнэ гэдэгт итгэ
Шиврэн орсон борооны дараа
Шижир наран туяардаг шиг
Зоргоороо асгарсан нулимсны чинь дараа
Золбоотой алхах өдөр заавал ирнэ ээ
Яг одоо чамд минь энэ дэлхий мөс шиг санагдаж
Ядарч бас зүдэрч явааг найз нь мэдэрч байна аа
Гэхдээн бидний үерхэлд тэр мөс өчүүхэн ч гэсэн гэсэж
Гэртээн очих үед бидний хүсэл биелсэн байх болно оо
Ирээдүйд зөвхөн гэрэл гэгээ л байдаг
Ингэж найз нь итгэл төгс хэлж чадна аа
Шиврэн орсон борооны дараа
Шижир наран туяардаг шиг
Зоргоороо асгарсан нулимсны чинь дараа
Золбоотой алхах өдөр заавал ирнэ ээ
Гунихарч битгий суу даа анд минь ...

2004.05.06
Cheongju, South Korea

Бантан

Шал дэмий уусым
Шартаж үхэх нь ээ яахав?
Алтан медалтай бантан
Алга эргүүлээд хийчихээр
Ээжийн охин аавын хүү
Энүүхэн ойр байна уу гэж?
Толгой өвдөөд дэмийрэх нь
Тогтож ядаад солиорох нь
Архи чамайг яаая даа би
Аманд орохдоон яаж оров
Ай одоо яаж байна
Ахиад нэг ч амсахгүй гэхлээр
Анд нөхөд минь зэмлэх байлгүй
Ай одоо бантан л байвал
Арга чарга нь олдох гээд л байна.

2007.12.25
Cheongju, South Korea