Sunday, November 28, 2010

Юу гэж юу юм бэ?

Үг гэж юу юм бэ
Ам хэлний хооронд бүжиглэж гарсан хий
Атирч буржийсан тархины хийлж гаргасан авиа
Агаараар зам хийж чихэнд орсон долгион
Алаг зүрхэнд биш атигар тархинд шигдэх зураас

Үнэн гэж юу юм бэ
Үүр шөнийн хооронд жүжиглэж өнгөрсөн үйл
Үдэж буцаасан хорвоод хийж өнгөрөөсөн үйлдэл
Үйлийн үргүй харсан бас сонссон мэдрэмж
Үзээд өнгөрүүлсэн хорвоод үлдэж хоцорсон мөр

Нойр гэж юу вэ?

Зовхины үрчлээс тэнийж, зүүдний хөшиг болох эгшин
Зуурдын үхэлд автаж, орчлонг умартах агшин
Цаг хугацааны ашиглагддаггүй тал нь
Цэнгэл зовлонг амсахгүйгээр мэдрэх завшаан

Юу гэж юу юм бэ?

Борхон зүрх нь догдолсон бүсгүйн мөрөөдөл
Борхон юу нь догдолсон залуу эрийн зугаацал
Будагтай чимэгтэй бүсгүйн бурхан биеийн нахилзал.
Будагтай өнгөтэй орчлонгийн өнгөгүй өнгийн шилжилцэл

Цаг хугацаа гэж юу вэ?

Урсаж, урагдаж, элэгдэх үйл
Ургаж, урагшилж, давших үзэгдэл
Умайнаас авс хүртлэх зам
Унтаж сэрэхийн орчил

2008.12.08
Улаанбаатар хот.

No comments: