Sunday, November 28, 2010

Зуны үдэш

Салхи, сэрүүхэн сэвэлзэх салхи
Сэтгэлийн минь гүнд гуниг хөврүүлэх шиг
Хөгжим, аялгуулан эгшиглэх хөгжим
Хоосорч үлдсэн сэтгэлийг минь хөглөх шиг
Уйтай үдшийг надад бэлэглэн
Урьдийн бүхнийг сэтгэлд шивнэх шиг
Сайхан тэр хайрын дурсамж бүхэн
Сэтгэлд минь ийм тодхон байхад
Хажууд минь яагаад, дэргэд минь яагаад
Хонгор минь чи минь байхгүй байна вэ?
Дуусашгүй хуудастай хайрын ном
Дэлгэж надад уншуулж орхичихоод
Хааж орхилгүй, хурааж тавилгүй
Хаашаа чи минь явж одов оо
Намуухан үдшийн энэ саран
Надаас улам улам холдон одоход
Мартаж үл зүрхлэм чиний хайр
Маргаашийн нарнаар эргээд ирэх юм шиг
Гялсхийн харвах тэр одонд
Гомдол, гунигаан дайж явуулчихаад
Хэзээ ч уучлахгүй сэтгэлээн би гээчихээд
Хурдхан чамдаан очмоор ч юм шиг
Шиврэн шиврэх борооны энэ дусалтай цуг
Шөнөөр чамдаан уусан цэнгэмээр
Нарны эзгүйд догдолж хулжсан нойр
Намайг чамтай минь учруулах шиг
Зуны үдшийн гайхам энэ орой
Зүрхэнд минь уйтай хөг эгшиглүүлэх шиг...

2010.06.04
Улаанбаатар хот.

No comments: