Sunday, November 28, 2010

Анир чимээгүйд дусалсан нулимс

Хоосорч үлдсэн сэтгэлд гунигийн лаа ноцож
Хөлдөж хоцорсон зүрхэнд халуун дуслаан унагалаа
Гуниг асгарсан хөгжмийн эгшигт уясахдаан
Горхилж урсах нулимсаан дийлсэнгүй мэгшлээ

Хэнийг ч хайрлахгүй хөлдүү сэтгэлдээн гоморхож
Хайрын ялгуухан эгшиглэнг хачин ихээр хүслээ
Хэнээр ч хайрлуулахыг хүсээгүй бардам сэтгэлээн зүхэж
Хатуурхаж омгорхсон хүйтэн үгсээн бодлоо

Аянга буулган сэтгэлийг минь ниргэсэн аялгуу
Анир чимээгүйд нулимс болон дусаллаа
Үүлгүй тэнгэрээс гэнэт асгарсан нулимс
Үдшийн бүрүйд гуниг болон замхарлаа

2009.07.20
Cheongju, South Korea

Эмзэг эрхтэн

Уг нь би их эмзэгхээн
Уруул хүрэх төдийд л гялтайчихдаг
Сайхан хүүхнүүд бол намайг андахгүй ээ
Санаа тавьж намайг дандаан гялаалгаж байдаг
Үзүүрийнх нь бяцхаан хэсгийг
Үсдэж татаад байлгүй үргэлжлүүлэн энхрийлж байдаг
Бяцхан бацаанууд бол нэмэргүй ээ
Буруу зөвгүй сугсчиж хаяад намайг дандаан гэмтээдэг
Ээ дээ ээж нар бол бүр аюул
Эрхлүүлнэ гэж ердөө ч байхгүй
Жоохон сахилгагүйтэх төдийд л
Жоотуу хүрзээр намайг гусаад хаядаг
Уг нь би их эмзэгхээн
Уул нэрийг минь хумс ингэдэг юм аа.


2009.07.22
Улаанбаатар хот.

Нэгэн муужгайн түүх

Гадаад далайн эрэгт гангарч ирсэн муужгай
Гудамжны гуталт мууртай гэр бүл болж
Хөл нийлэн алхсаар хөлгүй далайн эрэгт
Хөсрийн элсэнд хумсаан шигтгэн амьдрах болжээ

Хулгана зурам нугаслан хээр өссөн муужгай
Хаяа нэг хатаж үхсэн загасахнаар хооллоно.
Ээж ааваан айлгаж эрхэлж өссөн муужгай
Эр муужгайн гутлыг хүртэл маажна.

Удтал бодсоны эцэст уйтгарт амьдралаан зүхэж
Уугуул нутагтаан очихыг хүсэвч
Урд хойноосоон зүүгдсэн
Улаан нялзрай зулзагануудаан өрөвдөнө

Хаа нэгтээ таарах нутгийн муужгайн сургаар
Хатааж борцолсон хулгана зурам хүртэж
Хөлсөөн гартал таанцалж
Хөрст дэлхийд хөрвөөнө хөөрхий тэр муужгай

Ургамал зулгаан, гашуун ус долойж
Урд хормойгоор хойд хормойгоон нөхсөөр
Хорвоогийн хоног өдрийг
Хорогдож үл барагдам хором хоромоор туулна.

2009.07.27
Cheongju, South Korea

Амьдрал чи надаас юу хүснэ вэ

Алхам бүртээн би салаа замын уулзвар дээр
Асах гэрлэн дохиог хүлээн хүлээн зогсдог
Арайхийн гатлан алхаж байтал
Ахиад л гэрлэн дохио гялс хийдэг

Буцаж болдоггүй тэр олон салаа замаар
Буруу зөв гишгэлсээр л бэдэрсээр
Эцэс төгсгөлгүй тэр замаар
Эхээс төрснөөсөөн хойш мөлхөлсөөр л

Гар өргөн ганц машинд сууж үзсээн
Ганцхан хором яваад л тэрний дугуй элэгдсэн
Гарцаагүй хурдхан явах галт тэргийг хайж үзсээн
Ганцхан буудал явуулаад л намайг амбаардаад буулгасан

Дуунаас хурдан онгоц би олж чадах ч
Дутаасан бүхнийг чинь би олж чадахгүй болохоор
Хүсэхэд хясах бүхэнд чинь би хорсохгүйгээр
Хүссэн замаар чинь л би гэлдэрнэ ээ.

Амьдрал чи надаас хүссэн бүхнээн
Алгын чинээхэн зүрхийг минь ч адаг сүүлд нь
Авах бүхнээн авч одох болохоор
Аргадаж чамайг гуйхгүй ээ

Мурийлгаж зурсан зам дээгүүр чинь би
Маргааш ч гэсэн алхах л болно
Махийлгаж тавьсан тэвэн дээр чинь би
Махан хөлөөрөөн ч хамаагүй гишгээд л гарна

Гэгээтэй өдрийн дардан замаар
Гэгэлгэн дуутай би алхаад л гарна
Гэрэлтэй гэрэлгүй ч зорьсон зүгтээн
Гэлдрээд, гүйгээд инээгээд л очно.

2009.07.29
Cheongju, South Korea

Зогс, бүү урсга!

Гал урсдаг уу?
Урсаж байгаа шингэнд гал өгөөд үз
Сэтгэл урсдаг уу?
Тэмүүлж байгаа сэтгэлд зам зураад үз
Бороо урсдаг уу?
Агаар гээчийг алаг дэлхий мэтээр төсөөлөөд үз
Орон зай урсдаг уу?
Цаг хугацааг хурдаар туулж байна гэж төсөөлөөд үз

Урсдаггүй юм гэж байдаггүй
Урсгадаггүй баринтаг л гэж байдаг

Үндэстэн угсаатан урсдаг уу?
Эмс охид нь эрлийз цус эргэлдүүлбэл
Эргүүлэгт орсон мэт хурдан урсана
Хүн ард урсдаг уу?
Амиа бодон арилж байгаа нь
Ард нь үлдэж байгаагаас илүү бол урсана
Эх орон урсдаг уу?
Төрж байгаа нялхаст нь
Түм буман эрлийз байвал урсана
Загас урсдаг уу?
Зам зуур нь хаягдал бохир урсаад орвол
Зүгээр л дээш харж хэвтээд л урсчихна.
Эрдэнэс урсдаг уу?
Хилийн зураас дээр
Хэлтэрхий эрдэнэс олондоод ирвэл урсаж байгаагийнх

Урсдаггүй юм гэж байдаггүй
Урсгадаггүй баринтаг л гэж байдаг

Зогс, бүү урсга!

Oyuka 2009.06.04

Хэлэмгий доломгой хоёр луйварчин

Эртээ урьдийн цагт биш юм гэнэ
Энэ төрийн энх цагт юм гэнэ ээ
Хэлэмгий доломгой хоёр луйварчин
Хаан төрийн сэнтийг булаалдаж гэнэ
Хаанаас нь ч харсан хагарталаа баяжсан
Хаалгач байсан хоёр юм гэнэ ээ
Жижиг жижгээс луйвараан эхэлж
Жинхэнэ алдартан шиг төрхөөн хувиргаж гэнэ
Жижиг хорчгороос жинхэнэ бөмбөөлэй,
Том атигараас тонтгор түнтээлэй болтлоон баяжиж гэнэ
Ухаан гайгүй өөрийн дайснаан
Улс орон алгасаж цөллөгөнд явуулчихаад
Олон олон ядуу ардаа
Орон гэргүй тэнүүлч болгочихоод
Эрээн булчирхайгаан цочтол
Эрээ цээргүй цалчицгааж байна гэнэ
Би бол намбар one чи бол намхан бор
Бид бол жинхэнэ хонх чи бол хуурамч лонх
Өлсгөлөн ядуу ардынхаа
Өрх татах оосор бүчээр нь
Хоолой хоолойгоо ээлжилж боолцон
Хорин тэнэгийг дагуулан намирна
Өлөн зэлмүүн түмэн олны
Өл залгах боов боорцогоор нь
Өөд өөдөөсөөн чулуу нүүлгэлцэж
Өрх гэрийг үймээнд хутгана
Болдогсон бол та хоёрыг
Бор олсоор хүлж орхиод
Боолийн нийгмээс улсаан гаргаж
Бохир заваанаас төрөөн салгахымсан.

2009.05.13
Улаанбаатар хот.

Шинийн нэгэнд ганцаараа алхлах өвөө

Хуучирч гандсан торгон дээл өшиглөн
Хөмсөг зангидан алхах энэ өвөө хаачих юм бол
Хөгшин буурал энэ өвөө яаран золгох хэн нэг нь
Хөрст энэ дэлхийн шороон дээр нь байгаа юм бол уу

Буурал энэ өвөөг түшиж алхах үр ач нь
Будант энэ хорвоогийн хаана нь байгаам бол
Майга буурал самган нь хаачаа юм бол
Майдар бурханы гэгээн дүртэй золгохоор одоо юм бол уу

Бурхан шиг амирлангуй дүрээн гээн
Будаг сараалсан юм шиг үрчлээтэж гандсан энэ өвөө
Бурхадын оронд залж одогсдоон дурсан
Бухимдаж гансрахдаан хөмсгөөн зангидаа юм бол уу

Нүүрэнд нь тогтсон үрчлээснээс тэр уурлаж байгаа мэт
Нүгэлт энэ орчлонд бухимдаж яваа мэт
Хорвоогийн нарыг харах бүртээн ярвайсан мэт
Хорин хэдхэн насандаан хагацал үзсэн мэт

Цаг хугацааг эргүүлж болдогсон бол
Цаг ямагт инээмсэглэж халуун дулааныг өөрөөсөөн цацруул гэж
Цаглашгүй их хайрыг өөрт тань нар болгон бэлэглэхсэн
Цаанах тэр өдөр та цангинасан инээд хөөрөөр бялхан

Зурсан юм шиг нүд дүүрэн үрчлээстэж
Зуун зуун өдрийг үр ачтайгаан, үеийн олонтойгоон
Бараан тор барин гундсан дээл өмсөлгүй
Баатар хотын гудамжаар олуулаан алхах байсан биз

Хэлж үл мэдэх, тааж ч үл мэдэх энэ орчлонд
Хөөрхий дөө энэ өвөө хэзээ нэгэн цагт
Хөрст дэлхийг эргүүлэм ааг бярыг багтаан ядаж
Хөөрхөн хонгор түүнтэйгээн цаг хугацааг туучсан ч юм билүү

Шинийн нэгэнд ганцаараан алхлах энэ өвөө
Ширлэгдэж гундсан царайгаараан амьдралыг тахлаа ч юм билүү
Шийтгэл ял биш амьдын шагнал болгож
Шинийн нэгний өглөө ганцааранг нь алхуулаа ч юм бил үү

Хэлж үл мэдэх, тааж ч үл мэдэх энэ орчлонд
Хэтэрхий олныг би эргэцүүлээ ч юм бол уу?

2009.02.26
Улаанбаатар хот.