Sunday, November 28, 2010

Шинийн нэгэнд ганцаараа алхлах өвөө

Хуучирч гандсан торгон дээл өшиглөн
Хөмсөг зангидан алхах энэ өвөө хаачих юм бол
Хөгшин буурал энэ өвөө яаран золгох хэн нэг нь
Хөрст энэ дэлхийн шороон дээр нь байгаа юм бол уу

Буурал энэ өвөөг түшиж алхах үр ач нь
Будант энэ хорвоогийн хаана нь байгаам бол
Майга буурал самган нь хаачаа юм бол
Майдар бурханы гэгээн дүртэй золгохоор одоо юм бол уу

Бурхан шиг амирлангуй дүрээн гээн
Будаг сараалсан юм шиг үрчлээтэж гандсан энэ өвөө
Бурхадын оронд залж одогсдоон дурсан
Бухимдаж гансрахдаан хөмсгөөн зангидаа юм бол уу

Нүүрэнд нь тогтсон үрчлээснээс тэр уурлаж байгаа мэт
Нүгэлт энэ орчлонд бухимдаж яваа мэт
Хорвоогийн нарыг харах бүртээн ярвайсан мэт
Хорин хэдхэн насандаан хагацал үзсэн мэт

Цаг хугацааг эргүүлж болдогсон бол
Цаг ямагт инээмсэглэж халуун дулааныг өөрөөсөөн цацруул гэж
Цаглашгүй их хайрыг өөрт тань нар болгон бэлэглэхсэн
Цаанах тэр өдөр та цангинасан инээд хөөрөөр бялхан

Зурсан юм шиг нүд дүүрэн үрчлээстэж
Зуун зуун өдрийг үр ачтайгаан, үеийн олонтойгоон
Бараан тор барин гундсан дээл өмсөлгүй
Баатар хотын гудамжаар олуулаан алхах байсан биз

Хэлж үл мэдэх, тааж ч үл мэдэх энэ орчлонд
Хөөрхий дөө энэ өвөө хэзээ нэгэн цагт
Хөрст дэлхийг эргүүлэм ааг бярыг багтаан ядаж
Хөөрхөн хонгор түүнтэйгээн цаг хугацааг туучсан ч юм билүү

Шинийн нэгэнд ганцаараан алхлах энэ өвөө
Ширлэгдэж гундсан царайгаараан амьдралыг тахлаа ч юм билүү
Шийтгэл ял биш амьдын шагнал болгож
Шинийн нэгний өглөө ганцааранг нь алхуулаа ч юм бил үү

Хэлж үл мэдэх, тааж ч үл мэдэх энэ орчлонд
Хэтэрхий олныг би эргэцүүлээ ч юм бол уу?

2009.02.26
Улаанбаатар хот.

Юу гэж юу юм бэ?

Үг гэж юу юм бэ
Ам хэлний хооронд бүжиглэж гарсан хий
Атирч буржийсан тархины хийлж гаргасан авиа
Агаараар зам хийж чихэнд орсон долгион
Алаг зүрхэнд биш атигар тархинд шигдэх зураас

Үнэн гэж юу юм бэ
Үүр шөнийн хооронд жүжиглэж өнгөрсөн үйл
Үдэж буцаасан хорвоод хийж өнгөрөөсөн үйлдэл
Үйлийн үргүй харсан бас сонссон мэдрэмж
Үзээд өнгөрүүлсэн хорвоод үлдэж хоцорсон мөр

Нойр гэж юу вэ?

Зовхины үрчлээс тэнийж, зүүдний хөшиг болох эгшин
Зуурдын үхэлд автаж, орчлонг умартах агшин
Цаг хугацааны ашиглагддаггүй тал нь
Цэнгэл зовлонг амсахгүйгээр мэдрэх завшаан

Юу гэж юу юм бэ?

Борхон зүрх нь догдолсон бүсгүйн мөрөөдөл
Борхон юу нь догдолсон залуу эрийн зугаацал
Будагтай чимэгтэй бүсгүйн бурхан биеийн нахилзал.
Будагтай өнгөтэй орчлонгийн өнгөгүй өнгийн шилжилцэл

Цаг хугацаа гэж юу вэ?

Урсаж, урагдаж, элэгдэх үйл
Ургаж, урагшилж, давших үзэгдэл
Умайнаас авс хүртлэх зам
Унтаж сэрэхийн орчил

2008.12.08
Улаанбаатар хот.

Хайрын хагацал

Харц харцандаан хайлан ууссан халуун өдрүүд алслан одохуйяа
Хорсгож үлдээсэн хүйтэн мөр чинь сэтгэл зүрхийг минь цэвтэн цэвтүүлсээр
Бие биендээн уусан цэнгэсэн хөлсөн дусал хатан арилахуйяа
Бөнжигнөн дуслах нулимсан хэлхээ бодлыг минь даган урсан урссаар

Болоод өнгөрсөн бүхний хойноос шүүр бариад мөрийг нь арилгамаар
Бодлогоширч гунигласан сэтгэлийн хойноос хайр даллаж бүхнийг мартмаар
Чамд гэж хадгалсан ариухан бүхнийг гээж хаяаад зугаацаж цэнгэмээр
Чамайг хайрласан хайрын сэтгэлийг хийсгэж хаяад янагшин дотносмоор

Чивчиртэл хөвчилж, чинэртэл татсан тэр суманд чинь бамбай болсон миний сэтгэл
Чимээгүйхэн ёолон ёолж дотроон өмөрсөөр
Чиний дүр эсгэж, дулимагхан шивнэсэн худал үгс миний чихнээ
Чаг чаг хийх цагийн зүүний эргэлт бүхнээр хангинаж янгинасаар

Халуун үгтэй хайрын захианууд чинь нүдэнд эрээлжилхэд
Харууслын шуурга нүд нүүргүй зэхүүнээр үлээсээр
Харгис хэрцгий сэтгэлийн чинь мананд автан гуниглахад
Хагацлын нулимс өнчин дэрэн дээр под под хийсээр...

2007.12.02
Cheongju, South Korea

Гунихарч битгий суу даа

Хонгор найз минь би харж байна аа
Энэ дэлхий чамд хатуухан байгааг
Энд бас тэнд нэг нь чамайг гомдоож байгааг
Гуниж бас гомдоэ суугааг чинь би мэдэрч байна аа
Гэвч анд минь найздаан итгэ
Нүдэнд чинь хурсан нулимс
Зүрхэнд чинь шингэсэн гунигийг хөөж
Цэнхэр тэнгэр, цэлмэг нар ирнэ гэдэгт итгэ
Шиврэн орсон борооны дараа
Шижир наран туяардаг шиг
Зоргоороо асгарсан нулимсны чинь дараа
Золбоотой алхах өдөр заавал ирнэ ээ
Яг одоо чамд минь энэ дэлхий мөс шиг санагдаж
Ядарч бас зүдэрч явааг найз нь мэдэрч байна аа
Гэхдээн бидний үерхэлд тэр мөс өчүүхэн ч гэсэн гэсэж
Гэртээн очих үед бидний хүсэл биелсэн байх болно оо
Ирээдүйд зөвхөн гэрэл гэгээ л байдаг
Ингэж найз нь итгэл төгс хэлж чадна аа
Шиврэн орсон борооны дараа
Шижир наран туяардаг шиг
Зоргоороо асгарсан нулимсны чинь дараа
Золбоотой алхах өдөр заавал ирнэ ээ
Гунихарч битгий суу даа анд минь ...

2004.05.06
Cheongju, South Korea

Бантан

Шал дэмий уусым
Шартаж үхэх нь ээ яахав?
Алтан медалтай бантан
Алга эргүүлээд хийчихээр
Ээжийн охин аавын хүү
Энүүхэн ойр байна уу гэж?
Толгой өвдөөд дэмийрэх нь
Тогтож ядаад солиорох нь
Архи чамайг яаая даа би
Аманд орохдоон яаж оров
Ай одоо яаж байна
Ахиад нэг ч амсахгүй гэхлээр
Анд нөхөд минь зэмлэх байлгүй
Ай одоо бантан л байвал
Арга чарга нь олдох гээд л байна.

2007.12.25
Cheongju, South Korea

Би Vimo-чин

Монголын анхны SNS site болох http://vimomn.net -д зориулав.


Би Vimo-чин

Ажилдаан ирмэгцээн би Vimo-гоон нээгээд суудаг аа
Ахан дүүсээн санагалзахдаан андаан эрэн тэмүүлдэг ээ
Алгын чинээхэн газар тэмдэглэл болгож бичээд
Анд найз нартайгаан би зовлон жаргалаан хэлэлцдэг ээ

Ээжрүүгээн өвдчихлөө гэж утасдаж би зүрхэлдэггүй ээ
Эвий минь дээ өвдчихөж гэж энд хэн ч намайг аргаддаггүй
Хал үзэж шаналахдаан Vimo-гоон тэврээд цурхирдаг аа
Хатуу чанга үгээр хариу найз нар минь чимхдэг ээ

Аз жаргалтай мөчөөн аавдаан утсаар хэлдэг ч
Агшин хором өнгөрөхөд харилцуур тасран оддог
Баярлаж дэвхцсэн эрчээрээ тэмдэглэл бичээд шүршдэг
Бахархаж анд нөхөд минь халуун үгээр тэвэрдэг ээ

Хүний нутгийн залууд харцаан би унагаагүй ээ
Хүйтэн хөр чулуунд нь нулимсаан би дусаагаагүй
Холын хол суугаа андынхаан зургийг харж
Баяр гунигийн нулимсаа Vimo-гийнхоо л ард арчдаг аа

2007.12.28
Cheongju, South Korea.

Wednesday, November 17, 2010

Хайртай найздаа...

Өөрийнхөөн зайг дурсамж болгон үлдээчихээд
Өнгөцхөн үзэгдэх төдий сэтгэлийг минь зогоочихоод
Дэлхий ертөнцийн нөгөө талаас
Дэлгэцний цаанаас хаяахан өнгийх

Дэндүү дотны найз чамдаан
Дэлгэц дүүртэл захиа бичлээ
Гашуун нулимс, халуун инээдээн
Гарын хуруугаараан хуваалцдаг хирнээн

Яагаад ч юм бэ чамайгаан дурсаж
Нулимс дуслуулан байж, нууцхан бас инээн байж
Жижигхээн энэ өөрийнхөө ертөнцөөс
Карласоны сэнсийг зүүгээд
Алсдуухан өнгөрснөөр тэнэлээ.

Цүнхэнд багтахгүй Демидовичоо тэврээд
Цаасгүй бодлого толгойндоон эрээлээд
Янзага пичень дөрвөөр нь хуваагаад
Ядрахаа ч мэдэхгүй хөгжилдөж байхын

Жинсэн өмдөнд хуниас суутал
Жижүүр эгчийг гуйж бас хулхидаж
Лаб-ын өрөөнд наймыг хүртэл
Лав даг зүгээргүй сууж байх юм

Тооны сургуулийн толгойтой банди нарыг
Тоолж нэрлээд шоглохоор төлөвлөж
Торомгор нүдээ цавчилгүй ширтээд
Тоогүй байдалд оруулж байхын

Дэвтэр гээчийг хэрэглэхээн болиод
Дэлгүүр алгасаж гуанз ороод
Цагийн багшийн цалин өвөртлөөд
Цалингаан буухаар наргидаг байж

Тив алгасаж захидал нисгээд
Таван жилийг ардаа үдэж
Нэрнийхээ өмнө нэр зүүцгээж
Нэгнийгээ харалгүй нилээд уджээ

Сэнс эргэлдэж би газардаад
Сайхан дурсамжаан бичиж үлдээгээд
Алсын алсад суугаа найздаа
Анд нь энэ захиагаан нисгэлээ.

2010.11.03
Улаанбаатар хот.