Sunday, November 28, 2010

Зуны үдэш

Салхи, сэрүүхэн сэвэлзэх салхи
Сэтгэлийн минь гүнд гуниг хөврүүлэх шиг
Хөгжим, аялгуулан эгшиглэх хөгжим
Хоосорч үлдсэн сэтгэлийг минь хөглөх шиг
Уйтай үдшийг надад бэлэглэн
Урьдийн бүхнийг сэтгэлд шивнэх шиг
Сайхан тэр хайрын дурсамж бүхэн
Сэтгэлд минь ийм тодхон байхад
Хажууд минь яагаад, дэргэд минь яагаад
Хонгор минь чи минь байхгүй байна вэ?
Дуусашгүй хуудастай хайрын ном
Дэлгэж надад уншуулж орхичихоод
Хааж орхилгүй, хурааж тавилгүй
Хаашаа чи минь явж одов оо
Намуухан үдшийн энэ саран
Надаас улам улам холдон одоход
Мартаж үл зүрхлэм чиний хайр
Маргаашийн нарнаар эргээд ирэх юм шиг
Гялсхийн харвах тэр одонд
Гомдол, гунигаан дайж явуулчихаад
Хэзээ ч уучлахгүй сэтгэлээн би гээчихээд
Хурдхан чамдаан очмоор ч юм шиг
Шиврэн шиврэх борооны энэ дусалтай цуг
Шөнөөр чамдаан уусан цэнгэмээр
Нарны эзгүйд догдолж хулжсан нойр
Намайг чамтай минь учруулах шиг
Зуны үдшийн гайхам энэ орой
Зүрхэнд минь уйтай хөг эгшиглүүлэх шиг...

2010.06.04
Улаанбаатар хот.

Чамайг санана

Хайрлаж шивнэсэн үг чинь
Замхарч арилаагүй байхад
Халамцаж согтсон сэтгэл минь
Зэрэглээ харуулдан гунисаар

Гуниж уйлах шиг саарал үүлнээс
Дусал дуслаар бороо шиврэхэд
Гуниг дүүрэн уйтай нүднээс минь
Бодол бодлоор нулимс дусласаар

Үүрээр мандсан нарнаас өөр
Илч мэдрээгүй өөрийгөөн би
Үйлгүй үдшийн салхийг ч
Илбээд өнгөрөхийг зөвшөөрсөнгүй

Циркийн олс шиг амьдралын гүүрээр
Тэнцэн ядан ганцаар гэлдрэхдээ
Цэнгэл, жаргалын дүүжин гүүрээр
Тэнэж одсон чамайгаа санана

2010.06.28
Улаанбаатар хот.

Үүл

Тэнгэр шиг хоосон сэтгэлийн минь
Тэртээ нэг үзүүрт чи үүл болон хөвнө
Заримдаа тэр үүл аадар буулган нулимс урсгана
Заримдаа салхи босгон хуй тавина
Өдөр хоног ээлжлэн урслаа ч
Өөр нэг нь сэтгэлд бодол хургасангүй
Газар дэлхий эргэн эргэлээ ч
Ганцхан тэр үүл тэндээ л үүрд үлдэнэ


2010.05.10
Улаанбаатар хот.

Санаж байна би....

Санаж байна маш их санаж байна
Сархадын исгэлэнд сэтгэл минь дарвихад
Салхины исгэрээнд дууг чинь сонсож
Сарны гэрэлд чамайгаан харах шиг
Хөнгөн хөгжмийн намуухан эгшигт
Хөл минь биш сэтгэл минь хийсч
Дуслах нулимс урсах гунигтай цуг
Дүр чинь сэтгэлд минь танц эргэх шиг
Маш их санаж байна би санаж байна
Маргааш ч чи минь байхгүй гэхээр
Сэрээд мартах зүүд бишийг мэдэрч
Сэтгэл минь хоосорч зүрх минь зүсэгдэх шиг
Санаж байна би....

2010.02.28
Улаанбаатар хот.

Сэтгэлд хөвөрсөн гуниг

Урсан долгилох мөрөн чи хаашаа зүглэнэ вэ?
Уйтгар гунигийг минь хамт аваад яваач
Ээжийн минь аягатай цайнд дусал болон ороод
Эрх охиных нь гунигийг хуваан тайтгаруулаач

Сэрүүн салхи чи аль зүг рүү явна вэ?
Сэтгэлд хургасан гунигийг минь хамт аван одооч
Найзын минь дотно үг яг одоо надад хэрэгтэй байгааг
Нэгхэн үгээр ч хамаагүй тэрэнд минь шивнээд өгөөч

Шиврэн орох борооны дусал чи хааш нь шингэнэ вэ?
Шархалж үлдсэн сэтгэлийг минь угаан одооч
Аавын минь хундагатай дарсанд дусал болон ороод
Амьдралын гашуунд хөл алдан согтоог минь дуулгаач

Урсан асгарах гомдлоон хөврүүлэн
Уйлж очоод тэдэндээн эрхэлмээр
Сэмжирч хөвөрсөн гунигаан аргадуулахаар
Сайхан тэдэндээн гүйгээд л очмоор

2010.04.17
Улаанбаатар хот.

Захианы хэсгээс

Сайн сууж байгаарай!
Залуу насаан номын хуудастай цуг эргүүлж суугаа андууд минь ээ
Зүүдлээд сэрэх зуур мартагдах зовлонг зовлонд үл тоон
Зуурдхан үзээд өнгөрөх жаргалыг жаргалд үл бодон
Зурж биш зорьж гаргасан замаар минь
Зулаа зулаагаан гишгэн явж гэртээн хурдан хариарай!
Зөвхөн өнөөдрийг ч бас маргаашийг ч бус
Зуун зуун өдрийг хамтдаан элээх
Зулзган бага насны минь зураг шиг сайхан андууд минь ээ
Сайн сууцгааж байгаарай!

Оюука нь.

2009.08.26
Cheongju, South Korea

Үеийн бүсгүйчүүлийнхээ өмнөөс хаа сайгүй тэнэж одсон харчуул та нарт

Бороотой үдшийн шавхаатай гудмаар
Бараатай замын хажуухнаар ирмэглэн алхалахдаан
Зүсэн зүйлийн сүүдэр бүхнээс би айхаан больсоон
Зүрх тэгтлээн бөнжигнөхөөн ч бас байсан

Минчийтэл улаасан гурван хуруугаа торноос салгахдаа
Монгол эрийн бахим гарыг үгүйлдэгээн ч байсан
Эвдэрч унасан модон сандалтай цуг
Эрхий хуруугаан хадаж орхичихоод ч орилохгүй болсон

Хүйт даасан хөнжилд шургалан орохдоо
Хаяж одсон харчуул та нарыг хаяадаа ч боддоггүй
Хатаж муудсан талх хоолыг хөргөгчнөөс гаргахдаа
Хамт хооллоогүйн чинь төлөө бухимдахаан ч больсон хаясан

Хаяадаа нэг эхнэртэй залуутай пиво уучихаад
Харих замдаан согтуу зоригийг тас сугавчилчихаад
Харамлаж хардахаан ч ойлгоогүй суугаа таануусыг бодож
Ход ход хөхөрсөөр харанхуй гэрт ганцаар ордог.

Хаа сайгүй тэнэж одсон
Харчуул та нарт бухимдахаан больж
Хацар гоо үеийн бүсгүйчүүл хэд хэдээрээн нийлж цуглаад
Хорвоог доргитол инээдээр булан наргиж цэнгэдэг ээ

2009.07.23
Cheongju, South Korea